Зэсийн баяжмалын экспорт 70 орчим хувиар буурч, төсвийн орлого тасалдах эрсдэл үүслээ

Г.Энэбиш
2026-10-27

Монгол Улсын зэсийн баяжмалын экспорт аравдугаар сарын 15-наас хойш саарч, БНХАУ-ын тал хилээр нэвтэрсэн тээврийн хэрэгслийг бүрэн татан авахгүй байгаагаас экспортын хэмжээ 70 орчим хувиар буурчээ. Гэвч экспорт саатсан шалтгаан, үүссэн нөхцөл байдлын талаар холбогдох төрийн байгууллагуудаас тодорхой тайлбар өгөөгүй өнөөдрийг хүрлээ.

Тодруулбал, өдөрт дунджаар зэсийн баяжмал ачсан экспортын 13 тээврийн хэрэгсэл хилээр нэвтэрдэг байсан бол БНХАУ-ын тал үүнээс дөрвийг нь татан авч, үлдсэн есийг нь хүлээн авахгүй байгаа аж. Үүнийг тээврийн хэрэгслийн тоогоор тооцоод үзвэл экспортын хэвийн урсгал 70 орчим хувиар саатсан гэсэн үг юм.

Экспортын саатал аравдугаар сарын 15-наас эхэлсэн гэх бөгөөд энэ хугацаанд экспортын орлого, улсын төсөвт төвлөрөх татварын орлого, уул уурхайн компаниудын борлуулалтад сөргөөр нөлөөлөх эрсдэл үүсчээ. Тодруулбал энэхүү экспортын татан авалт саатсанаар хоёр долоо хоногт 300 сая гаруй ам.доллартай тэнцэх экспортын орлого буурч байгаа юм. Удаашрал он дуустал үргэлжилбэл 1 тэрбум гаруй ам.долларын орлого буюу 3,6 их наяд төгрөгөөр тасалдах эрсдэлтэй байна.

Экспортын саатал үргэлжилбэл улсын төсөвт ямар эрсдэл үүсэх вэ?

Зэсийн баяжмал нь Монгол Улсын экспортын орлогын гол эх үүсвэрүүдийн нэг. Иймээс экспортын тээвэрлэлт удаан хугацаанд саатах нь гадаад валютын орох урсгал, уул уурхайн компаниудын борлуулалт, төсвийн татварын орлогод нөлөөлөх эрсдэлтэй. Цаашлаад экспортын хэвийн үйл ажиллагааг богино хугацаанд сэргээж чадахгүй бол уул уурхайн компаниудын жилийн борлуулалтын төлөвлөгөө тасалдаж, ашигт ажиллагаа болон ногдол ашиг хуваарилах боломжид сөргөөр нөлөөлж болзошгүй.

Хамгийн гол нь Монгол Улсын экспортын стратегийн бүтээгдэхүүний тээвэрлэлт яагаад саатсан, БНХАУ-ын тал ямар шалтгаанаар тээврийн хэрэгслийг бүрэн хүлээн авахгүй байгаа талаар тодорхой мэдээлэл алга. Иймд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Гаалийн ерөнхий газар болон холбогдох байгууллагууд экспортын бодит нөхцөл байдал, саатлын шалтгаан, хэвийн болгох арга хэмжээний талаар олон нийтэд мэдээлэл өгөх шаардлагатай байна. Зэсийн экспортын саатал нь зөвхөн уул уурхайн компаниудын асуудал биш, улсын төсвийн орлого, валютын урсгал, эдийн засгийн тогтвортой байдалтай шууд холбоотой асуудал юм.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe