Монгол Улсаас АНУ-д үрчлэгдсэн 157 хүүхэд байна

Ж.Номин
2024-11-28

Гадаадын иргэн, харьяатын газар нь Монгол Улсын харьяат хүүхдийг олон улсын гэрээ, хууль тогтоомжийн хүрээнд гадаадын иргэнд үрчлүүлэх шийдвэр гаргах, үрчлэлтийн дараах хяналтыг тогтмол хэрэгжүүлэх чиг үүргийг хариуцан ажилладаг. Энэ хүрээнд “Холт Интернэшнл” олон улсын байгууллагатай хамтран АНУ-ын иргэн, гэр бүлд үрчлэгдсэн Монгол Улсын харьяат хүүхдүүдийн амьдрал, нөхцөл байдалтай танилцах уулзалтыг Чикаго хотноо зохион байгуулжээ.

Үрчлүүлсэн хүүхдүүд эрүүл, аюулгүй орчинд өсөж, хүмүүжиж,  өндөр боловсрол эзэмших, сурч хөгжих бүхий л боломжоор хангагдан амьдарч байгаа аж. Тухайлбал, үрчлэгдсэн хүүхдүүдийн зарим нь Висконсин-Мэдисоны их сургууль, Деполын их сургууль зэрэг нэр хүндтэй сургуулиудад нийлүүлэлтийн сүлжээ, логистик, урлагийн сэтгэл засал, гадаад харилцаа, маркетинг, санхүүгийн чиглэлээр суралцаж байна.

Тэд ирээдүйд хоёр орны гүүр болж, эх орондоо өөрийн хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэлтэй байгаагаа уулзалтын үеэр онцолжээ.

Монгол Улс 1999 онд Хүүхэд хамгаалах болон улс хооронд үрчлэлтийн асуудлаар хамтран ажиллах тухай Гаагийн конвенцид нэгдэн орсноос хойш өнөөдрийн байдлаар 18 орны иргэн, гэр бүлд нийт 277 хүүхдийг үрчлүүлсэн бөгөөд үүнээс хамгийн олон буюу 157 хүүхэд АНУ-д амьдарч байна.

Ийнхүү үрчлэгдсэн хүүхдүүд нь Монгол Улсын хуулийн дагуу 16 насанд хүртлээ Монгол Улсын харьяат байх, 16 насанд хүрмэгц иргэний харьяаллаа чөлөөтэй сонгох боломжтой юм.

Мөн үрчлүүлсэн хүүхдийг төрөлх эх оронтой нь танилцуулах аяллыг 2017 оноос хойш зохион байгуулж байна. Түүнчлэн үрчлэгч эцэг, эх нь хүүхдийн ахуй байдал, өсөлт хөгжил, боловсролын талаарх мэдээллийг хүүхдийн насны онцлогоос хамааран тодорхой заасан хугацаанд Гадаадын иргэн, харьяатын газарт хүргүүлдэг байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe