НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Татвар нэмнэ

Ж.Номин
2024-11-28

Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг НЗДТГ-аас НИТХ-д өргөн барьсан. Нийслэлийн төсөвт 2025 онд 3.8 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн нь 2024 оны батлагдсан төлөвлөгөөнөөс 648.9 тэрбум төгрөгөөр буюу 20.2 хувиар, хүлээгдэж буй гүйцэтгэлээс 30.4 хувиар өссөн байгаа юм.

Уг өсөлтийг бүрдүүлэхийн тулд ААН-ийн орлогын албан татварыг 200.9 тэрбум, хувь хүний орлогын албан татварыг 251.9 тэрбум, хөрөнгийн албан татварыг 107.7 тэрбум төгрөг, татварын бус орлогыг 351.1 тэрбум төгрөгөөр нэмнэ гэж төлөвлөсөн байна. 

Төсвийн төсөлд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг 2-3 дахин, авто зам ашигласны төлбөрийг 5 дахин нэмэгдүүлж, замын сангийн орлогын эх үүсвэрийг 151.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгасан тухай мэдээлсэн билээ.

Тэгвэл мөн ирэх онд хог хаягдлын үйлчилгээний хураамжийг бүх дүүргүүдэд шинэчилсэн тарифаар тооцоолж, татварыг 37.2 хувиар өсгөхөөр тооцжээ. 

Нийслэлийн 2025 оны төсөвт дурдагдсан зарим онцлох бүтээн байгуулалтын зардлуудыг танилцуулж байна. 

  • Авто замын бүтээн байгуулалт, засвар шинэчлэлтийн нийт 50 төсөлд 881.4 тэрбум төгрөг төлөвлөснөөс Туулын хурдны замын 31 км урттай авто зам, гүүрэн байгууламжийн санхүүжилтэд 600 тэрбум төгрөг тусгажээ. 
  • Шинэ зуун мод хотын дэд бүтцийн зураг, төсөл боловсруулахад 10 тэрбум
  • 14 хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад 23.4 тэрбум
  • Агро-сити хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад 2.3 тэрбум 
  • Урт цагааны гудамж, 32-ын тойргийн бүс орчимд иж бүрэн тохижилт ногоон байгууламж байгуулах, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Олимпын гудамж, Их тойруу, Бага тойруу, Сүхбаатарын талбай орчмын явган хүний замыг сэргээн засварлахад 54.4 тэрбум төгрөгийг тус тус төсөвлөн тусгасан байна. 

Ийнхүү нийслэлээс өргөн барьсан 2025 оны төсвийн төсөл болон тээврийн хэрэгслийн албан татвар, зам ашигласны төлбөрийг нэмэх эсэхийг маргааш буюу 11 сарын 29-ний 11:00 цагт НИТХ хуралдаж, шийдэх юм.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe