Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулган үргэлжилж байна.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 66 гишүүн ирж, 52.4 хувийн ирц бүрдсэнийг танилцуулснаар өнөөдрийн (2024.11.29) хуралдааныг нээв.
Хурлдаанаар Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн УИХ-аар хэлэлцэхээр боллоо.
Улмаар намууд хуралдаж, дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтаа хуульд нийцүүлэх арга хэмжээг 2027 оны наймдугаар сарын 1 хүртэл хойшлуулах эсэхийг чуулганаар хэлэлцэнэ шийднэ.
Мөн Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенц, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлт, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолын төслийг хэлэлцэх дэгийг хэлэлцэн, батлахыг дэмжсэнгүй. Ийнхүү холбогдох ажлын хэсэг дахин хуралдаж, дэгд гишүүдийн саналыг тусган боловсруулахаар боллоо.
Дээрх хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан "Ажлын хэсгийн хуралдаанд УИХ-ын гишүүд ирэхгүй, ажлаа танилцуулах гэж ирсэн яамны ажилчид, төрийн албан хаагчид бүтэн өдөр хүлээж, ажлаа алдаж байна. Татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг байж ийм байдлаар ханддаг гишүүдэд хариуцлага тооцох уу" хэмээн асууж, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Цалинг нь хасна даа. УИХ-ын Тамгын газраас энэ асуудалд зориулсан систем хөгжүүлж байгаа" хэмээн хариулж байв.
Хуралдаан завсарлаж, 14.00 цагаас үргэлжилнэ.
Сэтгэгдэл үлдээх