Цаг агаар хүйтэрч, томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдсэн. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Томуугийн үндэсний төвд томуу, томуу төст өвчний 21,475 тохиолдол, амьсгалын замын цочмог хүнд халдварын /АЗЦХХ/ 366 тохиолдол бүртгэгджээ.
Томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн хүмүүсийн 46.2 хувь нь 0-4 насны хүүхдүүд байгаа бол АЗЦХХ-аар өвчилсөн хүмүүсийн 40.7 хувь нь энэ насны хүүхдүүд байгаа юм. Түүнчлэн 5-14 насны хүүхдүүдийн өвчлөл ч өндөр хувийг эзэлж байгаа юм.
Томуу томуу төст өвчний үед суулгалт, бөөлжилт нэмэгддэг байна. Энэ үед 0-2 насны хүүхдүүд их хэмжээгээр, ямар нэг дүлэлт, зовиургүйгээр цайвар шаргал өнгөөр суулгадаг аж. Суулгалтын үед гэрийн асаргааг зөв хийж чадвал 5-7 хоногийн дараа суулгалт зогсох боломжтой. Харин гэрийн асаргааг буруу хийвэл хүндэрч, шингэн алдалт ихсэж, усгүйжилтэд хүргэнэ гэдгийг ЭНЭҮТ-ийн Хүүхдийн хоол боловсруулах эрхтний эмгэг судлалын эмч О.Түмэндэмбэрэл хэллээ. Тэрбээр “Дан усаар хүүхдийн шингэнийг нөхөх боломжгүй тул хорсол уулгах хэрэгтэй. Хорсолыг бага хэмжээгээр, ойр ойрхон өгөх нь чухал. Гол нь хүүхдийг бөөлжүүлэхгүйгээр биед нь шингээж, бага багаар, бүлээнээр уулгах хэрэгтэй.
0-2 насныханд хорсол уулгахдаа угжинд хийж өгч болохгүй. Угжаар залгилж уувал бөөлжих эрсдэлтэй. Тиймээс шипризээр юм уу, халбагаар завжийг нь дагуулан бага багаар уулгах хэрэгтэй.
Хорсол ууж байх явцад хүүхэд бөөлжвөл 10 минут хүлээж, бүр бага хэмжээгээр дахин уулгах хэрэгтэй. Ингэж уулгаснаар хүүхдийн биед хорсолыг тогтооно” гэж зөвлөв.
0-2 насныханд суулгалт, бөөлжилт бүрийн араас 50-100 миллитр хорсол, 2-оос дээш насныханд 100-200 миллитр хорсол уулгаж байж, алдсан шингэнээ нөхөж байна гэсэн үг аж.
Өөрөөр хэлбэл хүүхэд хоногт 5 удаа суулгавал 500 мл шингэнийг бөөлжүүлэхгүйгээр уулгаж чадвал шингэн алдалтыг нөхөж чадах аж.
Түүнчлэн хүүхдийн биед шим тэжээлтэй хоол өгч, чихэрлэг хүнс хэрэглүүлэхгүй, хувийн ариун цэврээ сахиж байж хүүхэдтэйгээ харилцахыг зөвлөлөө.
Хүүхдэд дараах шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт яаралтай хандах хэрэгтэй. Үүнд:
- Хүүхэд унтаарч, ноомой болох эсвэл тайван бус цочромтгой болох,
- Нүд нь хонхойх,
- 6 сараас доош сартай хүүхдийн зулай хонхойх, уйлахад нулимс гарахгүй байх,
- Ердийнхөөс бага хэмжээгээр шээх,
- Уух буюу хөхөх чадваргүй болсон тохиолдолд эмнэлэгт яаралтай хандаарай.
Сэтгэгдэл үлдээх