Moody’s Ratings агентлаг Монголын Засгийн газрын зээлжих зэрэглэлийг ахиулсныхаа дараа системийн нөлөө бүхий таван банкны зэрэглэлийг “B2”-оос “B1” болгон дээшлүүллээ. Арилжааны банкнуудын санхүүгийн үзүүлэлтүүд, үйл ажиллагааны орчин тогтвортой өсөлттэй байгаад үндэслэн уг шийдвэрийг гаргаснаа Moody’s тодотгожээ.
2025 оны байдлаар системийн нөлөө бүхий таван банкны нийт хөрөнгийн хэмжээ 67 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 20 хувиар өссөн байна. Эдгээрээс Худалдаа Хөгжлийн Банкны нийт хөрөнгийн хэмжээ 26.4 хувиар өссөн нь хамгийн өндөр үзүүлэлт байв. Мөн тус банкны цэвэр зээлийн хэмжээ 38.6 хувиар огцом өссөн нь бусдаасаа хол давсан үзүүлэлт болж байна.
Харин ХасБанкны чанаргүй зээлийн хэмжээ хамгийн бага буюу 2.4 хувьтай байгаа нь салбарын дунджаас хоёр дахин бага үзүүлэлт болж байгаа юм. Үүнээс гадна Голомт болон ХасБанкны чанаргүй зээлийн хэмжээ бага зэрэг нэмэгдсэн бол бусад банк буурсан эерэг үр дүн тайлагнажээ. Үүний дунд Худалдаа Хөгжлийн Банкны чанаргүй зээлийн хувь хэмжээ бараг хоёр дахин буурсан байгааг онцолж болохоор байна.
Сэтгэгдэл үлдээх