Б.Жавхлан: Төсвөө 12 сардаа багтааж батлахгүй бол төрийн албан хаагчдад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалин олгоно

.Graph
2024-11-29

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ирэх оны төсөвт бүхэлд нь хориг тавьж, УИХ хүлээн авсан. Улмаар Засгийн газар дахин боловсруулж, УИХ-д өргөн барина.

Харин бүхэлд нь хориг тавьж, дахин боловсруулсан төвийн төслийг УИХ хэлэлцэж байсан туршлага байхгүй, ямар дэгээр хэлэлцэх нь тодорхойгүй байгаа. УИХ-аас Ч.Лодойсамбуу гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг гарч, холбогдох дэгийн тухай хуулийг өргөн барьсан ч чуулганы хуралдаанаар дэмжсэнгүй.

Харин дэгийн тухай хуулийн төслийг Засгийн газар боловсруулах нь зүйтэй гэж үзээд байгаа билээ. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан байр сууриа илэрхийллээ.

"Хэдүүлээ одоо гарц л яримаар байгаа юм. ЗГ төсвөө шинээр өргөн барилаа гэхэд үүнийг зохицуулах дэг байхгүй. Дэгийн тухай хуулиараа төсвөө 9-р сарын нэгэнд өргөн барина. Эсвэл тодотгол л өргөн барьдаг. Өргөн барьснаас хойш хэлэлцээд, хориг тавиулбал дахин өргөн барих дэгийн зохицуулалт байхгүй.

Ч.Лодойсамбуу гишүүний ахалсан ажлын хэсгийн гаргасан хувилбар боломжийн байсан юм. Дэгийн хуулиа өөрчлөөд явсан бол батлах боломжтой байлаа. 12 сардаа багтааж төсвөө батлахгүй бол 2025 онд 220 мянган төрийн албан хаагч цалингийн доод хэмжээгээр цалинжихаар болж байна шүү! Тэр хүмүүс чинь яаж зээлээ төлөх үү гээд асуудал ундарна"

Мөн УИХ-ын гишүүн О.Номинчимэг "Бид процесс ярих биш асуудлаа л шийдмээр байна. Сая орж ирсэн дэг боломжийн байсан. Гэтэл унагачихлаа. ЗГ саналаа оруулж ирээд, УИХ ажил гэсэн байсан. Гэтэл ингээд бэргэсэн байдалтай байгаа нь он гараад төсвөө баталж чадахгүй бол улс орон даяараа л хохирно шүү дээ. 12 сардаа ер нь багтах юм уу? Хориг нь зардлаа тана л гэсэн байсан. Цоо шинэ төсөв хий гэсэн хориг тавиагүй шүү дээ" гэв.

Ёс зүй дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар "Саяны унасан дэг дээр одоо юу ч ярих вэ? Улсын Их Хурал хуулиар олгогдсон хоёр эрхээ хоёуланг нь эдэлж байна. Хуулийг хүчингүй болгох эрхээ одоо эдэлнэ. 10 удаа төсөвт хориг тавьж байсан. Анх удаагаа төсвийн хуульд хориг тавьснаас хоригийг УИХ хүлээн авч байгаа нь анхны тохиолдол юм. Энэ нь 126 гишүүн ажлаа сайн хийж байгаа гэж харж байна.

ЗГ хуулиа сайн оруулж ирэхгүй бол хямрал болох юм байна гэсэн дохио шүү. Төсвийн тухай хууль одоо хүчин төгөлдөр биш. УИХ хүчингүй болгох эрхтэй юм. Одоо цаашид яах вэ? Гэж орон нутгуудаас холбогдож байна. Иймээс дараа дараагийн асуудлаа яаралтай хэлэлцэх. Яаралтай хэлэлцэх нэрийн дор дахин алдаа гаргах эрхгүй, онцгой анхааралтай ажиллах шаардлагатай байна" хэмээн байр сууриа илэрхийллээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe