Монголын төсөвт тохиосон "ацан шалаа буюу эрх баригчдын бантан"

Ц.Чимэдцэеэ
2024-11-29

Анх удаа 126 гишүүнтэй бүрдсэн парламент ирэх оны төсөв батлах эхний даалгавартаа унаж, Монгол Улсын Ерөнхийлөгч төсвийг бүхэлд нь хориглосон.

Ерөнхийлөгчийн хоригийг өнгөрсөн долоо хоногт УИХ хүлээн авч, Засгийн газар дахин төсвөө боловсруулж, УИХ батлах ёстой.

Процессын хувьд бүхэлд нь хориг тавьсан төсвийг дахин өргөн барьж, хэлэлцэх болсон анхны тохиолдол.

Иймд байнгын хорооноос нэг удаагийн хууль баталж, тухайн дэгээр төсвийн асуудлаа хэлэлцүүлэх санаачилга гарж, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугаар ахлуулсан ажлын хэсгийн боловсруулсан дэг чуулганы хуралдаанд уналаа.

Харин УИХ-аас ирэх оны төсөв, түүнийг дагаж баталсан хуулиудаа хүчингүйд тооцон Засгийн газарт 12 дугаар сарын 10-ны дотор төсвийн төслөө боловсруулан өргөн мэдүүлэхийг даалгасан тогтоол батлав.

Одоо Засгийн газарт хуулийн дагуу төсвөө боловсруулж, өргөн барих шаардлага тулгараад байна. Гэтэл энэ нь одоогийн хуулийн зохицуулалтаар бараг л биелэгдэшгүй даалгавар.

Учир нь Төсөв боловсруулахад гагцхүү Төсвийн тухай хуулийг дагаж мөрдөх учиртай. Тус хуулийн 8 дугаар зүйлд төсвийн цаглабарыг зохицуулсан ба ирэх оны төсвийн тухай хуулийг есдүгээр сарын 1-ний дотор өргөн мэдүүлэхээр заасан байдаг.

Харин УИХ-ын тогтоолын дагуу 12 дугаар сарын 10-ны дотор өргөн мэдүүллээ ч хууль зөрчиж таарахаар байна.

Өөр гаргалгаа хайж, Төсвийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн дагуу төсвийн тодотгол хийх санаачилга гаргасан зарим УИХ-ын гишүүд бий. Гэтэл энэ тохиолдолд УИХ төсвийн тухай хуулиа хүчингүйд тооцсон тул бас л тодотгох асуудал байхгүй.

Иймд парламентаас Төсвийн тухай хуульд заасан цаглабарыг өөрчлөхөөс нааш төсвөө өргөн барих боломжгүй. Харин УИХ-аас даалгасны дагуу ирэх сарын 10-ны дотор өргөн барих ёстой гэсэн "ацан шалаанд" Засгийн газар гацжээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe