Орон сууцны асуудал эрхэлсэн төрийн компани нэмэгдсээр, иргэд нь гэр хороололдоо амьдарсаар

Ж.Номин
2024-11-29

Нийслэлийн харьяа агентлагууд дотор “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК, “Нийслэлийн орон сууцны бодлогын газар” гэх хоёр ч ойролцоо чиг үүрэгтэй байгууллага байдаг. Гэтэл дахин ойролцоо зорилготой хоёр ХХК-ийг өнгөрсөн Баасан гарагийн НИТХ-аар байгууллаа. Шинээр байгуулсан “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК, “Сэлбэ 20 минут хот корпораци” ХХК гэх хоёр байгууллага нь гэр хорооллын дахин төлөвлөлтийг хариуцан хэрэгжүүлэх чиг үүрэгтэй гэнэ. 

Өмнөх хоёр байгууллага нь хангалтгүй байна уу, эсвэл муу ажиллав уу?

  • М.Говьсайхан гүйцэтгэх захиралтай Нийслэлийн орон сууцны корпораци ХК нь 68 албан хаагчтай, “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй, тав тухтай амьдрах  орчин нөхцөлийг бүрдүүлсэн түрээсийн болон орлогод нийцсэн орон сууцаар хангана” хэмээн зорин ажиллаж байна. 
  • Г.Ганхүү даргатай Нийслэлийн орон сууцны бодлогын газар нь 23 ажилтантай, “Улаанбаатар  хотын гэр хорооллын айл өрхийг эрүүл аюулгүй, тав тухтай амьдрах орчин нөхцөлөөр хангаж, гэр хорооллын бүсийг инженерийн болон нийгмийн дэд бүтэц бүхий цогц хороолол болгон хөгжүүлнэ” гэх зорилгоор ажилладаг.

Шинээр төрсөн ХХК-ууд ба тэдгээрийн чиг үүрэг

  1. “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК 

Гэр хорооллыг орон сууцжуулах, хот дахин төлөвлөх үйл ажиллагааны хүрээнд эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу хэрэгжүүлэхээр даалгасан, түүний нөлөөлөлд өртсөн эзэмшигч, өмчлөгч этгээдийг түр суурьшуулах, орон сууцаар хангах, нөхөх, нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэх эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу хот дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны төслийг шилжүүлэн хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий ОНӨХХК бөгөөд Баянхошуу, толгойт, Дэнжийн мянга дэд төвүүдийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг хариуцан ажиллах гэнэ. 

  1. “Сэлбэ 20 минут хот корпораци” ХХК

Гэр хорооллыг орон сууцжуулах, шинэ дэд төв барих төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар агаарын бохирдлыг бууруулах, түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах, хот байгуулалт, барилгын хөгжилд бодитой хувь нэмэр оруулж, хувьцаа эзэмшигчдэд хөрөнгийн үр өгөөжийг хүртээх зорилготой. Сэлбэ дэд төвийн 20 минут төлөвлөлтийг анхлан бодитойгоор хэрэгжүүлж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, төрийн болон нийгмийн бүх үйлчилгээг хүртээмжтэй авах боломжийг хангасан нэгдсэн төлөвлөгөөтэй 12 мянган өрхийн цогцолбор хорооллын бүтээн байгуулалтыг хариуцан, захиалагчийн хяналт тавьж ажиллах аж. 

Татвар төлөгчдийн халаас нимгэрэх нь

  • Ийнхүү нийслэл орон сууцжуулалт, гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой 4 компани, агентлагтай боллоо. 
  • Гэр хороололд амьдардаг айл өрх 2020 онд 50.2 хувь байсан бол 2024 онд 44 хувь болж буурсан гэх чамлалттай тоог нийслэлээс бахархалтайгаар мэдээлсэн. 
  • Гэтэл нийслэлийн орон сууцны бодлого хариуцсан байгууллагууд энэ мэтчилэн нэмэгдэж байгаа ч 4 жилийн хугацаанд гэр хорооллын иргэдийн 6.2 хувь нь л орон сууцанд орсон байгаа нь хангалтгүй үзүүлэлт шүү. 
  • Түүнчлэн шинээр компани байгуулж байгаа тохиолдолд үйл ажиллагааны урсгал зардал, хүний нөөц, цалин хөлстэй холбоотой төсөв яригдаж, үүнийг иргэдийн халааснаас татвар болгон гаргах нь тодорхой.
  • Төрийн данхар бүтэц улам томорч, иргэдийн халааснаас гарах татаас нэмэгдэх нь дээ.    

Сэтгэгдэл үлдээх

Geree ingej avch yvj bga bol bairand orood bas yaj amidrah boldoo ydaj l bairand hunii nudnees dald yum daa te.

Oyutan

Дэмжих үү?

0 0
Newsletter Subscribe