Н.Эрдэнэхүү: Хавдрын эмнэлгийн 5.8 тэрбум төгрөгийн урсгал зардлыг төсвөөс хассан

Ц.Чимэдцэеэ
2024-12-03

Улсын төсвөөс хавдрын эмнэлгийн 5.8 тэрбум төгрөгийн урсгал зардлыг хасжээ.

Энэ талаар ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү “Гэрэл солих, хаалга солих гэх мэт урсгал зардал дандаа дутаж ирсэн. Ажилчдынхаа олж ирсэн даатгалын мөнгөнөөс аргалаад байлаа. Гэхдээ үнэхээр өөрчлөлт хийх ёстой болчхоод байна. Энэ жил л гэхэд 5.8 тэрбум төгрөгийг урсгал зардалдаа төлөвлөсөн ч том мега төслүүд гээд, жижиг байгууллагын урсгал зардлууд хэрэггүй ээ гээд хасчихсан байх шиг байгаа юм” гэв.

Тус эмнэлгийн барилга 1982 онд ашиглалтад орж, 42 жилийн турш засварт ороогүйгээс, шугам сүлжээ, хана шалнаасаа элэгдэж хуучирсан байна. Иргэний эрүүл мэндээ хамгаалуулах эрхээ эдлэх орон зай болсон тус газар иймэрхүү байдалтай байна.

2040 он гэхэд хорт хавдрын өвчлөл 108 хувиар, нас баралтын тоо хоёр дахин нэмэгдэх урьдчилсан судалгааны дүн бий.

Өнгөрсөн жил 7244 хүн хорт хавдартай гэж оношлогдсон, 30 мянган хүн өдгөө эмчийн хяналтад, энэ өвчнөөр шаналж буй. Энэ цаг үед хавдрын эмнэлгийн ор хүрэлцэхгүй зэрэг олон асуудал гардаг.

Дагаад, шинэ хавдрын эмнэлэг барих тухай асуудал үе үе яригддаг. Харин ХСҮТ-ийн хашаанд байрлах "Ачлал трейд" ХХК-ийн барьсан 120 ортой дөрөвдүгээр эмнэлгийг улс 77 тэрбумаар үнэлэн авах тухай асуудлыг судалж байна хэмээн өнгөрсөн сард Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдэгдэж байв.

Тухайн эмнэлгийг улс авлаа ч хавдрын эмнэлгийн ачаалал зохист хэмжээнд хүрэхгүй.

Ядаж 600 ортой эмнэлэгтэй болох ёстой хэмээн ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү хэлж байсан удаатай.

Иймд ядаж одоо байгаа үндэсний хэмжээний төвдөө иргэдийн үйлчлүүлэх, эмч сувилагчдынхаа ажиллах наад захын хэрэгцээг хангах хэмжээний 5.8 тэрбум төгрөгийг харамлах шалтгаан аль эрх мэдэлтэнд нь байгаа нь хачирхалтай.

Эрүүл мэндийн яамнаас тодруулахад, “Манайхаас хассан зүйл байхгүй. Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх ёстой ч мөнгөгүй болсон учраас гаргах боломжгүй болсон” гэв.

Харин Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Бодлого, төлөвлөлтийн газар “Бид нар мэдэхгүй. Том дарга нараас асуу” хэмээн хариуллаа.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe