Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг элчин сайд, консулын томилгоотой холбоотойгоор мэдээлэл өглөө. Тэрбээр “Хонгконгод Д.Одбаяр, БНСУ-ын Пусан хотод Ц.Жадамбаа, БНХАУ-ын Эрээн хотод Лхагвадорж нарыг консулаар томилохоор гурван намаас нэр дэвшүүлсэн. Нэр дэвшсэн хүмүүс өөрсдөө мөн явах сонирхлоо илэрхийлсэн тул нам, улс төрийн шийдвэр ийн гарсан байх. Гэхдээ эцсийн шийдвэр гараагүй байна.
Бусад элчин сайд, консулаар томилогдох хүмүүсийн тухай гарсан мэдээлэл худлаа.
Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнд ихэвчлэн дипломатууд, мэргэжлийн хүмүүс томилогддог. Түүнчлэн гадаад хэлний зохих мэдлэгтэй буюу суурь англи хэлтэй байх ёстой. Олон улсын жишиг бол 30 хувьд нь улс төр, өөр салбарын хүмүүс томилогддог практик байдаг. Энэ нь хамтарсан Засгийн газрын шийдвэр учраас Засгийн газрын гишүүний хувиар судалж үзээд үүрэг даалгавраа биелүүлэх ёстой.
Эдгээр хүмүүсийг консулаар томилох хүсэлтийг хүргүүлсэн. Хүлээн авах талаас мөн саналаа өгсний дараагаар эцэслэн шийдвэрлэнэ" гэв.
БНХАУ-ын талаас Хонгконгод томилохоор хүсэлт илгээсэн Д.Одбаярын хариуг сар гаруйн хугацаанд ирүүлээгүй байгаа нь олон улсын эрх зүйн ойлголтоор тухайн томилогдсон этгээдийг хүлээн авахаас татгалзаж байгаагаа илэрхийлж буй хэрэг гэж мэргэжилтнүүд үздэг байна. Хэрэв татгалзсан хариу ирүүлбэл татгалзсан үндэслэл, шалтгаанаа тайлбарлах шаардлагагүй аж. Өмнө нь Б.Хурцыг БНСУ-д суух элчингээр томилох хүсэл илгээхэд БНСУ-ын тал хариу өгөөгүй тул өөр хүн томилж байжээ.
Ташрамд, 2025 онд манай улсаас бусад улс орнуудад суугаа 23 элчин сайдын томилгооны хугацаа дуусаж байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх