“Тавантолгой түлш” ХХК утааг “бизнес” болгосон

.Graph
2024-12-04

Монгол Улсын Засгийн газар 2018 онд утааны эсрэг зоригтой шийдвэр гаргаж, сайжруулсан түлш үйлдвэрлэж эхэлсэн. Тухайн үед сайжруулсан түлш Улаанбаатар хотын утааг нүдэнд харагдахуйц багасгаж чадсан.

МУИС-ийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар 2019 оны 10 дугаар сард агаарын бохирдол өмнөх 3 жилтэй харьцуулахад 40 хувь багассан тухай дүгнэлт гарч байлаа. Товчхондоо анх хэрэгжиж эхлэхдээ зорилгоо биелүүлж байсан сайн шийдэл.

Гэвч үүнээс хойш агаарын бохирдол жил ирэх тусам нэмэгдэж, 2018 оноос хойш сайжруулсан түлшинд зарцуулсан мөнгөний хэмжээ 1.07 их наяд төгрөг болжээ.

Зарцуулсан мөнгөний хэмжээ нэмэгдэх тусам утаа нэмэгдэж, сайжруулсан түлшний үр дүн буурч байгаа асуудлын шалтгааныг олж, шалгах цаг үе болсон. Цаашлаад сайжруулсан шахмал түлш авлига, албан тушаалын гэмт хэргийн дараагийн жишээ болох магадлал бий.

Тодруулбал, сайжруулсан түлшний үйлдвэрлэл 2018 онд 360 мянган тонн байв. Үүнээс хойш 5 жилийн хугацаанд түлшний үйлдвэрлэлийн хэмжээ 550 мянган тонн болж нэмэгдсэн. Гэтэл бодит байдал дээр хэрэглээ 10 орчим хувиар өссөн гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Нямбаатар мэдэгдэв. Бодит хэрэглээнээс 150 мянган тонноор илүү үйлдвэрлэл хийсэн гэсэн үг. Энэ сайжруулсан түлшийг тойрсон маш их мөнгөний сонирхол эргэлдэж байх эрсдэлтэй гэдгийг харуулж байна.

Тооцоолол хийгээд үзье. Нэг шуудай сайжруулсан түлшний бодит өртөг 20,800 төгрөг болдог ч иргэдэд 3,750 төгрөгөөр зардаг. Өөрөөр хэлбэл, нэг шуудай сайжруулсан түлш 25 кг байдаг бөгөөд шуудай тутамд 17,050 төгрөгийг төсвийн мөнгөнөөс гаргаж байгаа. 40 шуудай түлш 1 тонн нүүрстэй тэнцэж, тонн тутам 682 мянган төгрөг, 550 мянган тонн сайжруулсан түлшинд 375,1 тэрбум төгрөгийг татварын мөнгөнөөс гаргасан.

Тэгвэл бодит хэрэглээнээс илүү гарсан 150 мянган тонн сайжруулсан түлшинд 102,3 тэрбум төгрөгийн шаардлагагүй зарцуулалт хийжээ.

Энэ асуудал дараагийн “нүүрсний хулгай” болж, төсвийн мөнгийг хулгайлсан том жишээ болох магадлал үүсжээ. Үүнээс гадна хэдэн зуун тэрбум төгрөгийн алдагдалтай компани өөрсдөдөө урамшуулал олгож, орон сууцны дэмжлэг үзүүлдэг гэх мэт шалгах шаардлагатай асуудал бий. Удахгүй “Тавантолгой түлш” ХХК-ийн санхүүд аудитын шалгалт оруулж, гэмт хэргийн шинжтэй зөрчил илэрвэл хуулийн байгууллагад шилжүүлэхээр болжээ. 

Н.СУГАР

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe