Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.12.04) нэгдсэн хуралдаан 11.01 цагт Улсын Их Хурлын гишүүдийн 57.9 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүхэлд нь тавьсан хоригийг хүлээн авч хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэв.
Ёс зүй, дэгийн байнгын хорооны 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаас Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуультай холбогдуулан Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг дахин өргөн мэдүүлсэн тохиолдолд Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэх дэгийн талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуугаар ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Бум-Очир, Д.Ганмаа, Г.Очирбат, Б.Хэрлэн, Д.Энхтуяа нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ.
Тус ажлын хэсэг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан “Хуралдааны дэгээр зохицуулаагүй асуудлыг хэлэлцэх журам”-ыг баримтлан Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүхэлд нь тавьсан хоригийг хүлээн авч хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Уг төслөө Ёс зүй, дэгийн байнгын хорооны энэ сарын 03-ны өдрийн хуралдаанд танилцуулсан байна. Байнгын хороо хуулийн төслийг хэлэлцээд, гишүүд санал нэгтэйгээр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн, батлуулахыг дэмжсэн хэмээн санал, дүгнэлтэд дурдав.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол эцэслэн баталсанд тооцно” гэж заасан. Энэ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүхэлд нь тавьсан хоригийг хүлээн авч хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулахад Улсын Их Хурлын 94 гишүүний 87.2 хувь нь дэмжиж, баталлаа.
Сэтгэгдэл үлдээх