НИТХ-ын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 78.6% буюу 22 төлөөлөгчийн саналаар авто зам ашигласны төлбөрийг шинэчлэн баталжээ.
НИТХ-ын ээлжит бус II хуралдаан өнөөдөр болсон бөгөөд төсвийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж, “Нийслэлийн 2025 оны төсвийн төсөл”, “Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээг шинэчлэн батлах”, “Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай” асуудлуудыг хэлэлцэн баталлаа. /Өмнөх мэдээг унших бол энд дарна уу/
2010 оноос хойш автомашины татварын хувь хэмжээнд ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй 14 жил болсон.
Тиймээс нийслэлийн авто замын сангийн татаасыг бууруулах, санхүүгийн хувьд бие даасан болгож, татварын орлогоороо авто замын засвар арчилгаа, үйлчилгээ болон томоохон замын бүтээн байгуулалтуудыг санхүүжүүлэх үүднээс ийнхүү татварыг нэмлээ.
Өөрөөр хэлбэл, авто зам ашигласны төлбөрийг 5 дахин, Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг 3 дахин нэмж байна.
Жишээлбэл, “Приус” маркийн авто машин эзэмшигч иргэн жилд 36 мянган төгрөгийн татвар төлдөг байсан бол татварын хэмжээг 3 дахин нэмэгдүүлснээр жилд 108 мянган төгрөг, “LEXUS 570” жилд 188,100 төлдөг байсан бол 564,300 төгрөг, портер жилд 30 мянга байсан бол 75 мянга, “Land-200” жилд 151,800 байсан бол 455,400 болж нэмэгдэхээр байна.
Түүнчлэн авто зам ашигласны төлбөр суудлын авто машин 20 мянга төлдөг бол 5 дахин нэмэгдүүлснээр 100 мянга, дунд оврын суудлын авто машин жилд 150 мянга, 4000 хүртэлх моторын багтаамжтай суудлын авто машин жилд 250 мянга төлөхөөр боллоо.
Сэтгэгдэл үлдээх