Төлөвлөгөө: Агаарын бохирдлыг бууруулах 58 арга хэмжээнд 15 их наяд төгрөг шаардлагатай

Г.Энэбиш
2026-11-02

“Агаарын бохирдлыг бууруулах 2026–2030 оны төлөвлөгөө”-ний төслийн хэлэлцүүлэг боллоо. Төсөлд долоон үндсэн чиглэлээр 58 арга хэмжээ хэрэгжүүлж, 2030 он гэхэд агаарын бохирдлыг 55 орчим хувиар бууруулах зорилт дэвшүүлжээ. Эдгээр ажлыг хэрэгжүүлэхэд 15 их наяд төгрөг шаардлагатай гэж тооцжээ.

Төлөвлөгөөнд 17,984 өрхийг орон сууцжуулж, 5,000 өрхийг хийн халаалтад шилжүүлэх, айл өрхийн дулаан хангамжийг сэргээгдэх эрчим хүчээр шийдвэрлэх, хагас коксон шахмал түлшний хэрэглээг бууруулах арга хэмжээ тусгажээ. Мөн Бөөрөлжүүтийн цахилгаан станцын хүчин чадлыг 600 МВт-д хүргэх, ДЦС-4-ийг өргөтгөх, Тавантолгойн 450 МВт-ын цахилгаан станц болон 10 аймгийн дулааны станцын төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Автомашины утаа, 4.2 МВт хүртэл хүчин чадалтай зуухны стандартыг шинэчилж, цахилгаан автомашин, Евро-5 шатахууны хэрэглээг дэмжихээр тусгажээ. Түүнчлэн агаарын чанарыг хянах 40 шинэ автомат станц суурилуулж, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн дотоод орчны агаарын чанарыг сайжруулах аж.

Эдгээр арга хэмжээний үр дүнд PM2.5 тоосонцрыг 66 хувь, PM10 тоосонцрыг 77 хувь, хүхэрлэг хийг 64 хувиар бууруулахаар тооцжээ.

Төлөвлөгөө одоогоор хэлэлцүүлгийн шатанд байгаа бөгөөд 15 их наяд төгрөг нь батлагдсан санхүүжилт бус, төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай гэж тооцсон дүн юм.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe