Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг дахин өргөн барьсан талаар мэдээлэл өглөө.
Улсын төсвөөс хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй шилжих төслүүд болон эрчим хүчний салбарын шинэ төслүүдийг огт хөндөхгүй байх зарчмыг баримталжээ. Мөн 2024 оны 12 сарын 2-ны байдлаар гэрээ байгуулаагүй төслүүдийн 2025 оны санхүүжилтийг мөн хойшлуулсан байна. Мөн эрүүл мэнд, боловсролын салбараас бусад салбарын тоног төхөөрөмжийн санхүүжилтийг 20 хувиар бууруулж, Хавдрын эмнэлгийн их засвар болон “Хавдрын эмнэлэг барилга-2” дэд бүтцийг эхлүүлэхээр 7.9 тэрбум төгрөгийг төсөвт суулгажээ.
Түүнчлэн гадаадын зээлийн ашиглалтаас санхүүжих байсан Үндэсний хиймэл дагуулын төслийн ТЭЗҮ-д төсөвлөсөн 211.6 тэрбум төгрөг болон бусад томоохон төслийн санхүүжилтээс 448.4 тэрбум төгрөгийг хасаж, нийт 660 тэрбум төгрөгөөр бууруулжээ.
Тус мэдээлэлд дурдагдсан онцлох төсвийн мэдэгдлүүдийг хүргэж байна.
Улсын төсөвт хөндөгдөхгүй зардлын хэмжээ 18.2 их наяд төгрөг байна. Үүнд:
- Хүүхдийн мөнгөн тэтгэмж 1.6 их наяд төгрөг
- ЭМД-ын сан 2.3 их наяд төгрөг
- НД-ын сан 5.9 их наяд төгрөг
- Хүүгийн төлбөр 1.3 их наяд төгрөг
- Цалингийн суурь 6.6 их наяд төгрөг
- ТАХ-ын 36 сарын тэтгэмж, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмж, бусад хуульд заасан тэтгэмж 0.5 их наяд төгрөг төсөвлөжээ.
Хууль тогтоомжийн дагуу нэмэгдсэн урсгал зардлын өсөлт:
- Төрийн албан хаагчдын цалин хөлсийг инфляцын түвшинтэй уялдуулан 6 хувь нэмэгдүүлэх 438.5 тэрбум,
- Эрчим хүчний реформтой холбоотойгоор төсвийн ерөнхийлөн захирагч нарын гэрэл цахилгаан, халаалтын зардлыг 177.6 тэрбум,
- Тэтгэвэр гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийн зардлыг 44 тэрбум,
- Тэтгэвэр, асаргааны тэтгэмж, халамжийн тэтгэвэр, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж зэргийг хүний тооны өсөлтөөс шалтгаалан 6 хувиар нэмэгдүүлэв.
Хүчингүй болсон өмнөх төсвийн зардал 35.8 их наяд төгрөг байснаас нийт 2.3 их наяд төгрөгийг хасан 33.5 их наядын төсвийг өргөн барьсан. Тэгвэл хасагдсан 2.3 их наяд төгрөгийг дараах зардлуудаас бүрдүүлжээ.
- Урсгал зардал 0.7 их наяд
- Хөрөнгийн зардал 0.8 их наяд
- Гадаад зээлийн ашиглалт 0.7 их наяд
Хэрэгжиж эхлээгүй болон зарим хөтөлбөр, арга хэмжээг зогсоон, хойшлуулахаар төсөлд тусгажээ. Үүнд:
- Соёлыг эрхийн бичиг
- Кино урлагийг дэмжих зардал
- Сургалт, семинарын зардал
- Тээврийн үйлчилгээ
- Зөвлөл, хороо, комиссын гишүүдийн ажлын хөлс
- Соёлын бүтээлч үйлдвэрлэл
- Бусад зориулалт, арга хэмжээ
Дараах арга хэмжээнүүдийг нэг удаадаа хойшлуулж, зардлыг бууруулжээ. Үүнд:
- Тавилгын зардал - 100%
- Багаж, техник хэрэгслийн зардал - 50%
- Дотоод томилолтын зардал - 50%
- Бичиг хэргийн зардал - 50%
- Хичээл үйлдвэрлэлийн дадлагын зардал /ЭМС,БС,ХЗДХС, БХС-аас бусад/ - 50%
- Гадаад томилолтын зардал /Төрийн өндөр түвшний айлчлал, өндөр түвшний зочин төлөөлөгч хүлээн авахаас бусад/ 50%
- Тээвэр шатахууны зардал /ЭМ, Тусгай чиг үүргийн байгууллагаас бусад/ 50%-иар тус тус бууруулах аж.
Бүсчилсэн хөгжлийн хөрөнгө оруулалтыг дахин эрэмбэлсний үндсэн дээр дараах төслүүдийг хойшлуулж, 349.7 тэрбум төгрөгөөр санхүүжилтийг бууруулжээ.
- Гадаад харилцааны сайд: “Дипломат корпус” олон улсын мэдээлэл солилцоо, ёслол, арга хэмжээний төвийн 3.6 тэрбум төгрөг,
- Зам тээврийн сайд: Хэрлэн-Тосон-Уул-Халх гол чиглэлийн хатуу хучилттай 256 км авто замын 75 тэрбум төгрөг,
- Зам тээврийн сайд: Дархан-Алтанбулаг чиглэлийн хатуу хучилттай авто замын өргөтгөл 4 эгнээ, 885.6 метр урттай гүүрэн байгууламж, 113.1 км авто замын 64.6 тэрбум төгрөг,
- Зам тээврийн сайд: Налайх-Тэрэлж чиглэлийн 37 км авто замыг 4 эгнээ болгон өргөтгөх шинэчлэл, 6 гүүрэн байгууламжийн 55.5 тэрбум төгрөг,
- Зам тээврийн сайд: Баяндалай-Гурвантэс чиглэлийн 80 км хатуу хучилттай авто замын үргэлжлэл болох 74.2 км авто замын 48 тэрбум төгрөг,
- Зам тээврийн сайд: Мянганы замын хэвтээ тэнхлэгийн Батцэнгэл-Их тамир сум чиглэлийн хатуу хучилттай авто замын үргэлжлэл болох 67 км авто замын 36.7 тэрбум төгрөг,
- Зам тээврийн сайд: Чойр-Мандалговь чиглэлийн хэвтээ тэнхлэгийн авто зам, Мандалговь-Чойр чиглэлийн хатуу хучилттай авто замын үргэлжлэл, 2 дугаар үе шатын 26.9 тэрбум төгрөг,
- Зам тээврийн сайд: Буйр нуур 4С нисэх буудлын зураг төсөв, барилга угсралтын 24.5 тэрбум төгрөг,
- Зам тээврийн сайд: Аялал жуулчлалын Норовлин-Дадал чиглэлийн хатуу хучилттай 54 км авто замын 14.7 тэрбум төгрөгийг тус тус хасжээ.
Сэтгэгдэл үлдээх