ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцын Засгийн газар хоорондын хорооны 19 дүгээр чуулган Бүгд Найрамдах Парагвай Улсын Асунсион хотноо 2024 оны 12 дугаар сарын 2-7-нд болж байна.
Энэхүү чуулганы энэ сарын 5-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсаас ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад бүртгүүлэхээр нэр дэвшүүлсэн “Монгол нүүдлийн зан үйл” өвийг хэлэлцэж, хорооны гишүүдийн 100 хувийн саналаар бүртгэлээ.
Монгол нүүдлийн зан үйл өв нь Монгол Улсаас ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлсэн 16 дахь өв болж байна.
Нүүдэлчин Монголчуудын олон мянганы туршид байгаль, цаг уур, ахуй амьдралын хэв маяг, мал сүргийн бүтэц, онцлогтойгоо уялдуулан бүтээж, өвлүүлэн уламжлуулж ирсэн “Монгол нүүдлийн зан үйл” өвийн хүн төрөлхтний оршихуй, хүрээлэн буй орчны тогтвортой байдал болон хүнсний аюулгүй байдал, эрүүл мэнд, нийгмийн нэгдмэл байдал, хүртээмжтэй эдийн засгийн хөгжилд оруулж буй ач холбогдол, хувь нэмрийг ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцын Засгийн газар хоорондын хороо, Үнэлгээний хороо сайшаан дэмжиж, хүн төрөлхтний соёлын сан хөмрөгт тус өвийг оруулснаа албан ёсоор ийнхүү батламжиллаа.
"Наурызын баяр” өвийн хамтарсан жагсаалтад Монгол Улс нэгдлээ
Мөн “Наурызын баяр” өвийн хамтарсан жагсаалтад Монгол Улс нэгдээд байна. Наурыз баярыг анх 2009 онд Исламын Бүгд Найрамдах Иран Улсын санаачилгаар ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад бүртгэсэн бөгөөд Афканистан, Азербайжан, Энэтхэг, Ирак, Казахстан, Киргизстан, Узбекистан, Пакистан, Тажикстан, Бүгд Найрамдах Турк Улс, Туркменистан зэрэг 12 улс хамтран бүртгүүлээд байсан юм.
Чуулган Монгол Улсын хүсэлтийг хүлээн авсан нь Монголын казак иргэдийн уламжлалт баяр болох “Наурыз”-ын үнэ цэнэ ач холбогдлыг хүлээн зөвшөөрч, бусад 12 улсын уламжлалтай эн тэнцүү авч үзэж байгаагийн илэрхийлэл юм.
Сэтгэгдэл үлдээх