Соёлын ваучерын санхүүжилтийг 2025 оны төсвөөс хассан ч хуульд нь өөрчлөлт оруулаагүй

Ж.Номин
2024-12-09

ССАЖЗ-ын сайд Ч.Номин “Соёлын ваучер” 18.3 тэрбум төгрөгийг төсвөөс хасаж хэлэлцүүлэгт оруулсан тул тус мөнгөн дүн 2025 оны Монгол Улсын төсөвт суугаагүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” хэмээн сошиал хаягаараа мэдэгдлээ.

Тодруулбал, УИХ-ын 2024 оны 12 сарын 6-ны өдрийн чуулганаар “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль”-ийн зарим зүйл, заалтыг хасах тухай хэлэлцүүлэгт гишүүдийн олонх буюу 62.1 хувь нь татгалзсан санал өгснөөр тус хуульд өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзсэн. Тус хуулийн зарим зүйл заалт гэдэг нь 8.2, 8.3, 8.4 дэх хэсэг бөгөөд үүнд: 

  • 8.2.Үндэсний соёлын агуулгыг түгээх, таниулах болон соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчийн бизнесийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор Монгол Улсын иргэнд соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах эрхийн бичгийг төрөөс үнэ төлбөргүй олгоно.
  • 8.3.Энэ хуулийн 8.2-т заасан соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах эрхийн бичгийг 16-18 насны иргэнд жил бүр олгоно.
  • 8.4.Энэ хуулийн 8.1, 8.2-т заасан үндэсний соёлын агуулгыг дэмжих, соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах эрхийн бичиг олгох, хянах, хэрэглэгчийн статистик мэдээлэлд үндэслэн хязгаарлалт тогтоохтой холбоотой журам болон эрхийн бичгийн санхүүжилтийн хэмжээг Засгийн газар батална” гэх заалтыг оруулсан. 

Тэгэхээр уг заалтуудыг хуулиас хасахыг УИХ-ын гишүүд дэмжээгүй аж.

Өөрөөр хэлбэл, 2025 оны төсвөөс соёлын эрхийн бичгийн санхүүжилт хасагдсан ч холбогдох хуулийн заалтад өөрчлөлт ороогүй тул 2026 оноос соёлын эрхийн бичгийн төсөв дахин сөхөгдөх магадлалтай юм.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe