Хуульч О.Батхүү: Хүний өмчлөх эрхэд халдсан хуулийг хулгайн замаар батлуулаад, хэрэгжүүлж байна

Ж.Номин
2024-12-09

Хуульч О.Батхүү өнгөрсөн амралтын өдрүүдээр “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн зарим зүйл заалтын асуудлаар байр сууриа илэрхийлэв. 

Тодруулбал, 2018 онд батлагдсан тус хуульд өдийг хүртэл 4 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд 2023 оны 12 сарын 7-нд оруулсан нэмэлт өөрчлөлт иргэдийн дунд шүүмжлэл дагуулаад байгаа юм. 

Тус нэмэлт өөрчлөлтөөр “Эрхийн улсын бүртгэлд тусгах үл хөдлөх эд хөрөнгийн үнэ” гэх 9-р зүйлд бүхэлд нь өөрчлөлт оруулсан байна. 

Товчхондоо орон сууцаа анх авч байсан үнэнээс нь бууруулж зарж болохгүй гэж хуульд тусгажээ. 

Энэ талаар Хуульч О.Батхүү  “Та м.кв нь 4 саяын үнэтэй орон сууц захиалж байртай болжээ. Гэвч мөнгөний яаралтай хэрэг болсон тул 3.5 саяар худалдах болов. Ингээд үл хөдлөх дээр нэр шилжүүлэх гэтэл гэрээгээ 4 саяар хийгээд ир, үгүй бол шилжихгүй гэв. Өмнө нь өндөр үнээр авсан байраа тэр үнээс нь бууруулж зарж болохгүй болж байна. Зарвал өмнөх үнээрээ зар, үгүй бол нэр шилжихгүй. Үл хөдлөхийн үнэ олон хүчин зүйлээс хамаарч өсч, буурч байдаг. Орчин тойрон нь нэмж барилгажсан, түгжирдэг болсон, утаа нэмэгдсэн, ядаад л крантнаас нь зэвтэй ус гардаг болсон бол үнэ буурч таарна. Ашиглалтад ороод 20, 30 жил болж байгаа бол үнэд нөлөөлнө. Бартераар эсвэл бэлэн мөнгөөр зарахад үнэ дээш доош болдог. Үүнээс гадна эдийн засгийн хямралын үед үл хөдлөхийн үнэ их хэмжээгээр унадаг. Гэтэл үнэтэй байхад авсан байраа хямдруулж зарж чадахгүй болж байна.

Зах зээлийн зарчим бол эрэлт нийлүүлэлт буюу зарж байгаа эзэн, авч байгаа хүн үнэ тогтоодог болохоос УБЕГ-н ажилтан, татварын байцаагч тогтоохгүй гэсэн үг” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр үргэлжлүүлэн “Хүн өөрийнхөө өмч хөрөнгийг хэдээр, хэнд зарах нь ордонд суугаа хүмүүст хамаагүй. Иймэрхүү хуулийн нэмэлт өөрчлөлтүүдийг хулгайн замаар, баахан дагалдах хуулиуд дунд шургуулж байгаад батлуулчихдаг. Олон нийт нь энэ талаар ямар ч мэдээлэлгүй. Мэргэжлийн байгууллагуудаас санал хүсэлт авахгүйгээр хүний өмчлөх эрхэд халдсан ийм хууль батлуулаад, хэрэгжээд байна” гэв.

Ташрамд дурдахад, уг өөрчлөлтийг Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн хүрээнд оруулжээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe