Энэ парламент цаасан дээр буусан хүний эрхийг хэрэгжүүлж чадах уу

Ж.Номин
2024-12-09

Монгол Улсын Засгийн газар 1993 онд Вена хотноо болсон НҮБ-ын Хүний эрхийн дэлхий дахины бага хуралд оролцон хүний эрхийг хангах үндэсний баримт бичиг батлан хэрэгжүүлэх тухай тунхаглалыг дэмжиж, үүрэг хүлээсэн байдаг.

Улмаар УИХ-аас 2003 онд Монгол Улсад “Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр”-ийг баталсан.

Ийнхүү тус хөтөлбөрийн хэрэгжилтийг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 2022 онд үнэлж, хөтөлбөрийг шинэчлэн батлах шийдвэрийг УИХ-ын 2023 оны 114 дүгээр тогтоолоор баталжээ. Ийнхүү Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан.

2003 онд баталсан “Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр”-ийн үр шим юу байв?

Тус хөтөлбөрийн 2.1.1.1-т “Эмэгтэйчүүд, насанд хүрээгүй болон 60-аас дээш насны эрэгтэйчүүдэд цаазаар авах ял оноохыг хориглосон Монгол Улсын Эрүүгийн хуулийн  заалтыг  хэвээр хадгалахын зэрэгцээ уг ялыг оногдуулдаг хэргийн төрлийг цөөрүүлэх, хэтдээ ялын төрлөөс хасах чиглэл баримтална” гэж заасан байдаг бол Монгол Улс Иргэний болон эрх зүйн пактын нэмэлт хоёрдугаар протоколд нэгдэн орсноор 2015 онд цаазын ялыг хуулиас халж чадсан юм.

2003 оны статистикийн мэдээгээр үндэсний хэмжээнд сургууль завсардагсдын тоо 17671 байсан бол энэ онд 1931 хүүхэд сургууль завсардах өндөр эрсдэлтэй гэгдэж байв.

20 гаруй жилийн хугацаанд сургууль завсардалт ийнхүү буурсан нь  тус хөтөлбөрийн 2.4.3-т заасан арга хэмжээ тодорхой түвшинд үр нөлөөгөө үзүүлж байгааг харуулж байна гэхчлэн тодорхой үр дүнгүүд гарсан байна.

Энэхүү 6 зорилттой 233 арга хэмжээ бүхий Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэхэд, бүрэн хэрэгжсэн 39 арга хэмжээ /16.7%/, хэрэгжих шатанд байгаа 137 арга хэмжээ /58.7%/, тодорхой арга хэмжээ аваагүй 57 арга хэмжээ /24.4%/-тэйгээр хангалтгүй үнэлэгдсэн.

Ийнхүү "Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөр”-ийг шинээр хэрэгжүүлэхээр УИХ-ын тогтоолын төсөл боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийн анхны хурал 2024 оны 9 сарын 26-нд болсон. Тус хуралд 11 байгууллагын 17 төлөөлөл, Хууль зүй дотоод хэргийн яам, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн, холбогдох ажилтнууд оролцсон бөгөөд өдгөө хөтөлбөрийн төслийг боловсруулж дуусжээ.

Хэнээс эрхээ шаардах вэ?

Дээрх хөтөлбөрийг батлуулах ажлын хэсэг бүрдсэн байна. Тус ажлын хэсгийг 20 жил хуульч, өмгөөлөгчөөр ажилласан туршлагатай Х.Баасанжаргал ахалж байгаа аж. Ажлын хэсгээс иргэд хөтөлбөрт саналаа тусгуулах боломжтой ба baasanjargal.asst@parliament.mn хаягаар нээлттэй хүлээн авна хэмээн мэдэгдлээ.

Мөн олон нийтэд таниулах, хэлэлцүүлэх дэд ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд ахалж байна. Дээрх ажлын хүрээнд өнгөрсөн амралтын өдөр буюу 12 дугаар сарын 7, 8-нд их, дээд сургуулийн 100 оюутныг хүний эрхийн сургагч багшаар бэлтгэх сургалт зохион байгуулжээ. Сургалтад "Энхийг цогцлоох хүрээлэн"-гийн захирал Б.Болорсайхан  “Хүүхэд хамгааллын асуудал" сэдвээр  мэдээлэл өгсөн аж.

Дэлхий дахинаа хүний эрхийн суурь зохицуулалт болсон "Хүний эрхийн түгээмэл тунхаглал"-ыг 1948 оны 12 дугаар сарын 10-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 217 А (III) дугаар тогтоолоор батлан зарласан.

1950 оноос эхлэн жил бүрийн 12 дугаар сарын 10-ны өдрийг Олон улсын “Хүний эрхийн өдөр” болгон тэмдэглэдэг.

Монгол Улс 2000 онд Хүний эрхийн тухай хууль баталж, Хүний эрхийн Үндэсний Комисс байгуулагдан ажиллаж байна.

Одоо бид 2003 онд батлагдсан “Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр” шиг гавьсан үр дүнгүй төсөл болгоод мартахгүйн тулд шинээр боловсруулсан хөтөлбөрийг чамбай батлуулж, хэрэгжилтийг бүрэн хангуулахыг УИХ-ын гишүүдээс шаардах хэрэгтэй юм.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe