Сэтгүүлч, фото модель Б.Намууны санал болгосон 5 ном

Б.Сувданзаяа
2024-12-10

  1. Юваль Ной Харари “Sapiens: Хүн төрөлхтний товч түүх”

Уг номын талаар Билл Гейтс “Эзгүй арал руу явахдаа авч явах арван номын нэг” гэсэн байдаг. Үнэхээр л эзгүй аралд хаягдахаар болбол энэ номыг л аваад явах байх. Өөрсдийн зохиосон “нийгэм” хэмээх төсөөллийн ертөнцөөс салж, өөрийгөө байгалийн амьтан гэдгийг эргэн санан, эзгүй аралд амьд үлдэхэд минь энэ ном тус болох биз ээ. Бидний байнгын асуулт “Амьдралын утга учир юу юм бэ?” гэгчид маш товчхондоо “Амьдралд утга учир байхгүй ээ. Хүмүүс бол хувьслын үйл явцын үр дүн. Бидний үйл хөдлөл ямар нэг дээд оршихуй, бурхны төлөвлөгөөний нэг хэсэг биш, дэлхий хэмээх гараг маргааш өглөө дэлбэрсэн ч орчлон ертөнц юугаар ч дутахгүй, юу ч болоогүй мэт хэвээр байх болно” хэмээсэн нь номын онцлох хэсэг шиг санагддаг.

  1. Кишими Ичиро, Кога Фүмитакэ “Ад үзэгдэх зориг”

Бас л амьдралаас “Яаж энэ бүхний ард гарах вэ? Яагаад би ийм муу байгаа юм бэ?” гэх мэт асуултын хариултыг хайж байхдаа уншсан ном минь. Сэтгэл судлаач Алфред Адлерын онол философийг яг л над шиг бас тань шиг асуултын хариулт хайж, шантарч цөхсөн залуухан оюутан, философич хоёрын харилцан яриагаар илэрхийлдэг. Уг номын “траума” гэх зүйл байхгүй бөгөөд “Надад өнгөрсөнд тохиолдсон зүйлээс болж одоогийн би ийм байна” гэсэн бодол нь тав тухын бүс гэдэг шиг намайг үйлдэл хийхгүй, бусдыг буруутгаад, өөрийгөө өмөөрөх таатай нөхцөл болж байгаа учраас л хэлдэг зүйл гэсэн санаа нь амьдралыг арай өөр өнцгөөр харахад тусалсан.

  1. Элиф Шафак “Хайрын дөчин дүрэм”

Хөнгөхөн, хос хоорондын хайрын дүрмийн тухай ном юм байна даа гэж гарчгийг нь хараад анх бодож билээ. Уншиж дуусаад хайрыг зөвхөн хосын романтик дурлалаар хэмжиж байгаагаасаа ичсэн дээ. Энэ ном надад хайр яг л агаар шиг, хаа сайгүй байдаг зүйл гэдгийг ойлгуулж, дахин сануулсан, уран зохиолын гайхалтай бүтээл байсан. Хайрын хамгийн сүүлийн 40 дэх дүрэмд “Хайранд шошго нааж, тайлбар зүүх ямар ч шаардлагагүй. Хайр бол ус. Хайрласан хүн бол гал. Гал, ус хоёр нэгдсэн цагаас эхлээд ертөнц тэр чигтээ өөрчлөгддөг юм” хэмээдэг.

  1. Р.Чойном “Сүмтэй бударын чулуу”

Яруу найраг сонирхдог болохоор ч тэр үү энэ номд их дуртай. Чин үнэнийг хатуухан хэлчихдэг, үүнээсээ болж гэмтэн гэж цоллуулж ч явсан түүний шүлгүүд аавдаа нэг сайн загнуулах шиг, хайрын мөртүүд нь амрагтаа хачин сайхан магтуулах шиг санагдуулдаг. Хэл соёлоо хадгалж, Монгол яруу найрагчийнхаа сод бүтээлийг заавал уншаарай гэж зөвлөе.

  1. Б. Базарсүрэн “Номын жор” цуврал

Нэгэн хөгшин өөд болоход нэг номын сан үгүй болдог гэдэг. Энэ ном ахмад үеийнхний маань үгийг бидэнд дайсан ил захидал гэлтэй. Би захидалд их дуртай. Цаасан дээр цэнхэр, хар бэхээр дурайтал бичсэн тэр үгс давтагдашгүй, эвдэршгүй үлдэн хоцордог. Номын жорын үг өгүүлбэр тэр бүү хэл цэг, таслал бүхэн утга учиртай чин сэтгэлийн захиас. Дэргэдүүр гарахдаа мөрлөөд гарах мөр олон атлаа дэрлээд уйлъя гэхээр нэг ч мөр олдохгүй үе байдаг. Дэндүү давчуу энэ орчлонд шахцалдан амьдрах атлаа дэлхий хүнгүй мэт ганцаардах үе ч байдаг. Тэр л үед Номын жор дахь олон зочдын ярилцлага амьдралын жор шиг санагдах болно.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe