Эрчим хүчний реформын үндэсний хорооны хэвлэл мэдээллийн зардал 500 сая төгрөг

Ж.Номин
2024-12-10

Өчигдөр УИХ-ын гишүүн С.Цэнгүүн “Эрчим хүчний үндэсний хороо хэвлэл мэдээллийн зардалд 8 тэрбум төгрөг тусгасан тул уг хорооноос гарч байна” хэмээн мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр Эрчим хүчний реформын үндэсний хорооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. 

Шадар сайд, УИХ-ын гишүүн, Эрчим хүчний Үндэсний хорооны дарга Т.Доржханд: 

- УИХ ирэх оны төсвийг хэлэлцэж байгаатай холбоотойгоор зөрүүтэй мэдээллүүд явж байна. Хамтарсан Засгийн газар байгуулагдаж, 34 жилийн хугацаанд шийдэж чадахгүй байгаа томоохон асуудлуудаа шийдэж, бодитой эдийн засгийн төслүүдээ хэрэгжүүлье. Хамгийн гол нь эдийн засгийн реформоо хийе гэж хамтарсан засгийн газарт нэгдсэн. Эдийн засгийн реформын гол суурь нь эрчим хүчний реформ юм. Өнгөрсөн 10 сард төсөв хэлэлцэж байх үед ийм саналаа өгсөн нь үнэн. Үүний дараа нэлээд ажил хийсэн, тариф өөрчлөгдсөн, бодлого өөрчлөгдсөн. Зарим УИХ-ын гишүүдэд энэ мэдээлэл очоогүй тул мэдээллийн зөрүүтэй байдал үүссэн байна.

Сангийн яамнаас хэвлэл мэдээллийн зардал гэсэн ангилал руу оруулчихсан юм билээ.

Эрчим хүчний үндэсний хорооны гишүүд маш их сэтгэл гаргаж ажиллаж байгаа. Түүний нэг нь С.Цэнгүүн гишүүн юм. Тэр ч, бид ч маш их дайралтад өртөж байгаа ч үүнийхээ ард гарна.

Иргэдэд зөв мэдээллийг өгөхийн тулд бүх хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтарч ажиллана гэсэн байр суурьтай байгаа.

Бие биеэ харддагаа болимоор байна. Төр гэхээр л зардал багатай байх ёстой гэж хандвал төрийн ажил явахгүй” гэлээ. 

Үргэлжлүүлэн Эрчим хүчний реформын үндэсний хорооны ажлын албаны дарга, инженер Л.Жамбаа 8 тэрбум төгрөгийн төсвийн задаргааг танилцуулсан юм. Тэрбээр “Хэвлэл мэдээллээр гарсан 8 тэрбум төгрөгийн асуудал бол буруу мэдээлэл. Бид Сангийн яаманд зардлаа шинэчилж өгч амжаагүй юм” гэв.

Эрчим хүчний реформын үндэсний хорооны ажлын албаны төсөвт тавигдсан 8 тэрбум 150 сая төгрөгийн задаргаа: 

  • Эрчим хүчний реформын олон улсын зөвлөх үйлчилгээ авах буюу зах зээлийн чиглэлээр судалгаа хийх ажилд 1.5 тэрбум төгрөг, 
  • Төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах багц ажилд 3 тэрбум төгрөг,
  • Эрчим хүчний шилжилтийн бодлого, хууль эрх зүйн орчны шинэчлэлийн хэрэгжилтийн зөвлөх үйлчилгээ 600 сая төгрөг,
  • Ногоон эрчим хүч, ашиглалт зохицуулалтын дэмжих судалгааны ажил 600 сая төгрөг,
  • Эрчим хүчний экспортын стратеги боловсруулах зөвлөх үйлчилгээ 300 сая төгрөг,
  • Эрчим хүчний үнэ тарифын индексжүүлэлтэд 300 сая төгрөг,
  • Дулаан болон цахилгааны тоолуурыг нэвтрүүлэх суурь судалгаа, ТЭЗҮ боловсруулахад 500 сая төгрөг,
  • Эрчим хүчний мега төслүүд дотор тархмал эх үүсвэрийн хэрэгжилтэд 350 сая төгрөг,
  • Хэвлэлийн зардалд 500 сая төгрөг,
  • Хуулийн гэрээний төлбөрт 500 сая төгрөгийг тус тус тусгасан байна.  

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe