Манай улс Евразийн эдийн засгийн холбоотой 3 жилийн “Чөлөөт худалдааны түр хэлэлцээр” байгуулах гэж байгаа талаар өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар Ч.Лодойсамбуу гишүүн асууж, Л.Гантөмөр сайд хариулснаар олон нийтийн анхаарлыг татсан.
Харин дотоодын хүнсний үйлдвэрлэгчид, эдийн засгийн мэргэжилтнүүд хувийн цахим хуудас болон хэвлэл мэдээллийн сувгуудаар шүүмжилсэн байр суурь илэрхийлсээр байна.
Тухайлбал, ''Түмэн шувуут'' ХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Болд "Хүнсний хувьсгал гэж том хөтөлбөр гаргаад гол нэрийн 19 бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж импортлогч бхаа больж, үйлдвэрлэгч болцгооё гээд бөөн юм болсон. Тэгсэн харин одоо Евразийн Эдийн засгийн чөлөөт худалдааны хэлэлцээрийн дагуу импортын татварыг тэглэх болжээ. Төрийн бодлого тогтвортой, тууштай бх ёстой" хэмээсэн.
Болж буй үйл явдалтай холбоотойгоор ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү "Энэ бол дотоодын үйлвэрлэгчдийн өчүүхэн эрх ашиг биш. Хэлэлцээр байгуулснаар манай улсад ашигтай. Дотоодын үйлдвэрлэгчид өрсөлдөх чадвараа сайжруул" хэмээн өнөөдөр (2024.12.10) мэдээлэл өгөх үеэрээ хэллээ.
Тэгвэл хэлэлцээрийн дагуу ОХУ тэргүүтэй Евразийн орнуудаас импортлох 300 гаран бүтээгдэхүүнийг импортын татвараас чөлөөлөх аж. Манай улсын хувьд ноос ноолуур, мах, махан бүтээгдэхүүн, арьс шир зэрэг мөн тооны бүтээгдэхүүн экспортолно хэмээн мэдэгдсэн.
Харин үйлдвэрлэгчид өөрсдөө экспортын бүтээгдэхүүн гаргахад бэлэн биш байна гэдгээ илэрхийлээд байгаа юм.
Үүнтэй адил жишээ дурдахад, Энэтхэг улс нь БНСУ болон ASEAN орнуудтай ийнхүү хэлэлцээр байгуулснаар дотоодын үйлдвэрлэл нь эрс буурч, импортын бараа нь экспортоосоо даруй 51 хувиар өсчээ. Мөн Мексикт адил үзэгдэл болсон ба 1.3 сая хөдөө аж ахуй эрхлэгчид ажилгүйдэлд өртсөн. Энэ нь тус улсын ядуурал 5 хувиар нэмэгдэхэд нөлөөлсөн байна.
Манай улсын хувьд ч ялгаагүй. Дотоодын үйлдвэрлэгчдийн үр ашигтай ажиллагаа нь улс орны эдийн засаг, ажлын байр зэрэг чухал ач холбогдолтой хүчин зүйл. Тэгэхээр ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын хэлсэн шиг "өчүүхэн эрх ашиг" гэдэг үг тэдэнд гүтгэлэг шахуу.
Харин энэ үгийг хэнд нялзайвал зохистой вэ гэдгийг авч үзье. ОХУ бол Европын зах зээлд гарахаасаа "өнгөрсөн их гүрэн". Украйны дайнтай холбоотойгоор дэлхий дахинаа "нүд үзүүрлэгдэж", Европын холбооноос худалдааны хориг тавиулсан. Харин тэдний "жаалж" болох бүс нь манайх гэхэд хилсдэхгүй.
Евразийн эдийн засгийн холбоо хэмээн нэрийдэж байгаа ч ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан ОХУ, Беларус, Казахстан, Киргиз, Армен улсаас бүрддэг.
Эндээс харахад, манайтай хийх хэлэлцээр "хойд ах нарын" ашиг сонирхол гэдэг нь илхэн.
Их гүрэн учир энэ зэргийг хэлэлцээр гэх гоёмсог багаар халхавчлан манайх шиг жижиг улсыг хүнсний хамааралдаа оруулах сонирхол байгааг ч үгүйсгэхгүй. Түр нэртэй гурван жил хэдий ч өндийж байсан дотоодын үйлдвэрлэл дампуурахад хангалттай хугацаа.
Бид одоогоор ОХУ-аас цахилгаан, шатахуунаа импортолж, хэзээ таслах бол, хэзээ үнээ нэмэх бол гэсэн байнгын айдастай амьдардаг. Энэ бол өөр сонголтгүй байгаагийн балаг. Хүнсний хувьд ч дотоодын үйлдвэрүүдээ гурван жилийн дотор дампууруулчихаад, зөвхөн хойшоо харж, гэдэс хоосон суух вий гэх эрсдэл ч бий. Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Лойдойсамбуу ч сануулж байсан.
Ухаандаа энэ бол хоосон хийрхэл, өчүүхэн эрх ашгийн тухай бус учир болох бодит эрсдэл юм.
Чөлөөт худалдаа гэх ойлголт өөрөө төрөөс зохицуулалт, элдэв татвараас чөлөөлөх мэт арга хэмжээний үр дүнд бус зах зээлийн тоглогчид тооцооллынхоо дагуу сонирхлын бүс нутагдаа бараа бүтээгдэхүүнээ жамаараа оруулж ирэхийг хэлнэ. Тэд зохих ёсоор татваараа төлчихөөд, үнэ, чанараараа дотоодын үйлдвэрлэгчидтэй өрсөлдөх учиртай. Энэ бол эдийн засгийн анхан шатны мэдлэгтэй жирийн дундаж иргэн ч ойлгох логик.
Тэд биднийг тоож орж ирэхгүй байгаа бол манай зах зээл өөрөө бэлэн бус буюу нэг ёсондоо "гологдож" байгаа гэсэн үг. Гологдохгүйн тулд хүн амын амжиргааны түвшнээс эхлээд дотоодын үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадвар ч чухал нөлөөтэй. Аль аль нь бэлэн бус байхад улс бодлогоор татвараас чөлөөлөн барьж, урьж залснаар алдсан гашуун жишээг Энэтхэг, Мексикээс харж болно.
Бүр ойрхны түүхээ санахад, өнгөрсөн хавар гурилын импортын татварыг тэглэснээр гурилын үнэ бууран иргэдийн амьдралд мэдэгдэхүйц өөөрчлөлт гараагүй хэр нь дотоодын гурилын үйлдвэрлэл 45 хувь буурсан.
Энэ бол ААН-ээс улсад бүрдүүлэх татварын орлого, энэ салбарт ажиллаж байгаа иргэдийн хувьд гарцаагүй муу мэдээ.
Тэгвэл Евразийн эдийн засгийн холбоотой 3 жилийн “Чөлөөт худалдааны түр хэлэлцээр” нь дээрхээс хэд дахин хүнд нөхцөл рүү биднийг дагуулж мэдэхээр байна.
Сэтгэгдэл үлдээх