Төсвийн ажлын хэсэг: Хавдрын эмнэлгийн ачааллыг хуваалцах объект худалдан авч, ХСҮТ-ийн их засварын зардлыг төсөвт тусгах нь зүйтэй

Ж.Номин
2024-12-11

УИХ-аас байгуулагдсан Төсвийн ажлын хэсгээс мэдээлэл өглөө.

Ажлын хэсгээс өгсөн мэдээллээ төсвийн төсөл дээр төрийн албан хаагчийн тоог 3145-аар нэмж оруулж ирснийг онц шаардлагатай ажил мэргэжил дээр тусад нь авч үзэн, нийтлэг байдлаар шилжүүлэн ажиллуулах байдлаар шийдэх санал гаргажээ. Ийнхүү 3145 орон тооноос 1248 орон тоог хассанаар 40 тэрбум төгрөгийн төсвийн хэмнэлт хийх боломж бүрдэх юм.

Ажлын хэсгийн зүгээс ийм хэмжээгээр төрийн албыг тэлж болохгүй гэж үзсэн байна.

Түүнчлэн Хавдрын эмнэлгийн зориулалтаар ашиглах объектын санхүүжилт болон тоног төхөөрөмжийн зардал болгож 56 тэрбум төгрөгийг ЭМЯ-ны төсөв дээр тавихаар шийджээ. Мөн Хавдрын II эмнэлгийг барих ажлыг эхлүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх, ХСҮТ-д хийх их засварын зардлыг ирэх оны төсөвт бүрэн тусгуулахаар хэлэлцсэн байна.  

Боловсролын сайдын төсөвт цэцэрлэг болон 3 ээлжээр хичээллэж байгаа сургуулиудад объект түрээслэх зардлыг 10 тэрбумаар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Мөн сургууль, цэцэрлэг, дотуур байрны хүүхдийн хоолны зардлыг 10 хувиар хасна гэж төсөлд оруулж ирснийг буцаан тусгуулж, 31.4 тэрбум төгрөгийн зардлыг төсвийн төсөлд тусгуулахаар ажлын хэсэг саналаа тусгажээ.

Төрийн өмчид хамаарах тусгай сангуудад төсөв тавихгүй

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Өнөөдрийн байдлаар Засгийн газрын 27 тусгай сан байгаагаас 13 нь өөрийн гэсэн тусгайлсан хуультай буюу зохицуулалттай. Бусад сан нь харьяа сайд нарын халаасанд явдаг. Төрийн тусгай сангуудын зардлыг ирэх оны төсөвт бууруулж тусгах саналыг ажлын хэсэг гаргасан. Сангууд авлагаа барагдуулах байдлаар санхүүжилтээ шийдэх нь зүйтэй.

Тодруулбал, ХЭДС ЖДҮДС, БЗС гэх сангууд хамгийн багаар бодоход 760 тэрбум төгрөгийн хур авлагатай байна. Гэтэл авлагаа барагдуулахгүйгээр жил бүрс төсвийн хуулиар төсвөөс мөнгө тавиулж явдаг байсныг өөрчлөх чиглэлийг Засгийн газарт өгсөн. Иймд тус сангуудад төсвөөс санхүүжилт олгох гэж байсныг хасах санал гаргаж байнгын хороод дэмжсэн. Энэ сангууд авлагынхаа араас хөөцөлдөж өөрт хэрэгтэй санхүүжилтээ олж эргээд зээлээ гаргаж ажиллах шаардлагатай” гэв.

Дээрх төсөвтэй холбоотой өөрчлөлтүүдийг чуулганаар хэлэлцэн баталснаар баталгаажих юм.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe