УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ЕНБД-аа АТГ-т өглөө

Ж.Номин
2024-12-13

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандоржийг АТГ-т шатгуулахаа мэдэгдлээ. 

Учир нь Ерөнхийлөгчийн хориг тавьсан төсөв буюу 11 сарын 11-нд баталсан Монгол Улсын 2025 оны төсвийн үеэр гишүүдийн саналыг гар тооллогоор явуулсан, тухайн өдрийн ирцийн мэдээллийг өгөлгүй бүтэн нэг сар болсон гэж үзэн, ийнхүү АТГ-т шалгуулахаар болжээ. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нь УИХ-ын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Төсвийн тухай хуулийг баталсан чуулганы хуралдааны ирц, тухайн өдрийн санал хураалтад дэмжсэн болон татгалзсан санал өгсөн гишүүдийн нэрсийг өгөхгүй 1 сар эс үйлдлээр татгалзаж, улмаар шаардлага тавиад 7 хоног хэрэгжүүлэхгүй байгаа тул Эрүүгийн хуульд заасан “албаны бүрэн эрхээ хэтрүүлэх” албан тушаалын гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэж Авлигатай тэмцэх байгууллагад харьяаллын дагуу шилжүүлж шалгуулахаар шийдвэрлэв” хэмээв.

Эргэн сануулахад, Монгол Улсын Ерөнхийлөгч төсөвт хориг тавих үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр олон нийтийн сүлжээндээ мөн “Төсөв баталсан УИХ-ын чуулганы хуралдааны бичлэг, тэмдэглэлийг авах хүсэлт УИХ-ын Тамгын газарт хүргүүлээд 10 хоносон ч гаргаж өгсөнгүй. Олон нийтэд нээлттэй мэдээллийг шаардаад ч гаргаж өгөхгүй байгаагийн учиг юу байна.

Гар санал хураалтаар УИХ-ын дарга “нүдээрээ” тоолж баталсан Төсвийн хууль ингэхэд хуульд заасан яг гишүүдийн ирц, оролцоотой “батлагдсан” уу?

Батлахдаа доторх тоо нь яг мөн үү, хэн нэгэн засвар хийсэн үү гэх мэт асуултад хөөн хэлэлцэх хугацаа үйлчлэхгүй болно” хэмээн байр сууриа илэрхийлж байв.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe