Монгол Улсын 2025 төсвийг танан баталсан ч зарим нэг шүүмжлэл дагуулсан хөрөнгө оруулалтын төслүүд хасагдаагүй билээ. Тодруулбал, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн санаачилсан Хөвсгөл аймгийн сумдад бяслагийн үйлдвэр байгуулах хөрөнгө оруулалтын төслүүд 2025 оны төсвийн төсөлд багтсан.
Уг асуудлыг жүжигчин Б.Цэцэг цахим хуудастаа нэлээдгүй шүүмжилсэн. Тухайлбал, “2021 оноос хойш татвар төлөгчдийн мөнгөөр 11 тэрбумын хөрөнгө оруулалт хийсэн 10% нь Ц.Даваасүрэнгийн бяслагийн үйлдвэр. 2025 оны төсөвт дахиад 13 тэрбум, хохино ээ хохино! 17.3 тэрбумаар үр ашиггүй бяслагийн сэндвичэн амбаар барьж байхынхаа оронд 2021 оны ханшаар 700 ортой 6 эмнэлэг барих боломжийг 10% Даваасүрэн та хулгайлсан!” гэхчлэн шүүмжилж байсан юм.
Тэгвэл шүүмжлэлд өртөөд буй УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн иргэн Б.Цэцэгийг цагдаад шалгуулахаар өгчээ.
Цагдаагийн байгууллагад гаргасан гомдолдоо “2024 оны 12 сарын 6-нд иргэн Б.Цэцэг фейсбүүк хуудаснаа “Бүр нэг өлөн байхын, үнэхээр мудак юмаа” гэсэн хоёр рийл болон бусад худал мэдээллүүдийг олон нийтэд түгээж, “Ц.Даваасүрэн бол төсвийн хулгайч, бяслагийн үйлдвэр нэрийдлээр улсын төсөвт олон тэрбум төгрөг тусгуулан гувчуулсан, одоог хүртэл нэг ч үйлдвэр бариагүй” гэхчлэн мэдээлсэн байна. Ийнхүү иргэн Б.Цэцэгийг эрүүгийн хуулийн 13.14-д заасны дагуу хуулийн хариуцлага хүлээлгэж өгөхийг хүсжээ.
Мөн Ц.Даваасүрэн гишүүн цахим хуудастаа “3.8 сая хүн, 16 сая малтай Уругвай улс хуурай сүүгээ экспортолж жилд 632 сая ам.доллар олдог. Бид яагаад болохгүй гэж? Малчид маань орлогогүй болоод хот руу чихэлдээд утаа, түгжрэлээ улам нэмээд байх уу? Тэд малаа маллаад орлоготой сайхан амьдрахын тулд мах, сүү, арьс ширээ боловсруулж орлого олох хэрэгтэй байх аа. Хэрвээ чи бяслагийн үйлдвэрээс намайг 1 төгрөг идсэн гэж нотолж чадах юм бол хамгийн өндөр ял авахад би бэлэн байна. Тэр гүйцэтгэж буй 3 компанийн захирлыг нь ч танихгүй билээ. Цагдаад очоод тайлбараа өгч дээ. Цаашлаад шүүхэд хандана гэдгээ үүгээр мэдэгдье!” хэмээн тайлбар бичжээ.
Иргэн Б.Цэцэг хариуд нь “...иргэд, сонгогчдынхоо эсрэг Хууль шүүхийн байгууллагаар айлган сүрдүүлж, занал хийлж буй явдал нь Ардчилсан тогтолцоотой улсад Хүний эрхийн ноцтой зөрчил үүссэн гэдгийг илтэд харуулсан үйл явдал” хэмээн Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисст өргөдөл гаргажээ.
Сэтгэгдэл үлдээх