Засгийн газар уул уурхай салбарын томоохон маргаануудыг эцэслэн шийднэ

.Graph
2024-12-16

Манай улсад 2009 онд Оюу толгойн хөрөнгө оруулалт орж ирснээс хойш томоохон хэмжээний гадаадын хөрөнгө оруулалт орж ирэлгүй удаж байна. Оюу толгойн хөрөнгө оруулалтын дараагаар бичигдэхүйц томоохон хөрөнгө оруулалтыг ураны салбарт оруулж ирэхээр төлөвлөж байгаа ч одоогийн байдлаар хөрөнгө оруулалтын гэрээг эцэслэн батлаагүй байгаа юм.

Сүүлийн жилүүдэд гадаадаас орж ирэх хөрөнгө оруулалт буурсан шалтгааныг судлаачид хөрөнгө оруулагчид Монгол Улсад итгэхгүй байна хэмээн хэлж буй. Тодруулбал, манай улсын уул уурхайн салбарын хууль, эрх зүйн орчин тогтвортой бус, хөрөнгө оруулагч нарын итгэлийг удаа дараа алдсаных гэж хэлдэг.

Тэгвэл Засгийн газраас хөрөнгө оруулалтыг сэргээх, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг олж авахын тулд Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваанаар ахлуулсан Ажлын хэсгийг 11-р сарын 19-ний өдөр байгуулсан байна. 

Ажлын хэсэг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн захирамжаар байгуулагдсан бөгөөд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Монголросцветмет ХХК-иудын 49%-ийн маргааныг эцэслэн шийдвэрлэх зорилготой аж. Энэхүү хоёр том асуудлыг эцэслэн шийдсэнээр улсын хэмжээнд хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, итгэлцлийг сэргээнэ гэж үзжээ. 

Ажлын хэсэгт Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, Сангийн сайд Б.Жавхлан болон Монголбанк, Улсын ерөнхий прокурорын газар, ЗГХЭГ, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар гэх мэт албан байгууллагын төлөөлөл багтсан байна. 

Маргаануудыг шийдвэрлэснээр ямар үр дүн гарах вэ? 

Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет зэрэг төрийн өмчит томоохон компаниудын 49%-ийн эзэмшлийн асуудал нь олон жилийн турш маргаантай байсан. Энэ маргааныг эцэслэн шийдвэрлэх нь Монгол Улсын өмчийн тодорхой байдлыг хангах, төрийн өмчит компаниудын ил тод байдлыг сайжруулахаас гадна төсвийн орлогыг бодитоор нэмэгдүүлнэ.

Хөрөнгө оруулагчдын итгэлийг хэрхэн сэргээх вэ?

Ерөнхий сайдын байгуулсан ажлын хэсэг “Оюу толгой” ХХК-тай холбоотой үүссэн татварын маргааныг ч шийдвэрлэх юм. Оюу толгой төслийн татварын маргааны түдгэлзүүлсэн хугацаа 2023 оны эцэст дууссан ч уг асуудал нэг тийш болоогүй байгаа. Тэгвэл үүнийг шийдсэнээр 2025 оны гуравдугаар сард Канад Улсын Торонто хотод болох PDAC форумын үеэр дотоод, гадаадын хөрөнгө оруулагчидтай үүссэн маргаануудыг дуусгавар болсныг зарлах төлөвтэй байна. Энэ нь Монгол Улсыг хөрөнгө оруулалтын найдвартай түнш гэдгийг олон улсад батлах чухал боломж юм. Түүнчлэн олон улсын уул уурхайн томоохон хөрөнгө оруулагчдын дунд итгэлийг сэргээснээр, Монгол Улсад орж ирэх шууд хөрөнгө оруулалт өсөх магадлал өндөр. Жишээлбэл, 2023 онд уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт 2021 оноос 33%-иар өссөн байдаг. Энэ салбарын маргааныг эцэслэснээр хөрөнгө оруулалтын өсөлтийн хурдыг нэмэгдүүлэх боломжтой.

Дотоодын эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ?

Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет компаниудын үйл ажиллагааг тогтвортой болгох нь эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх, орон нутгийн хөгжилд эергээр нөлөөлөх өндөр ач холбогдолтой. Эрдэнэт үйлдвэр 2023 онд улсын төсөвт 1.8 их наяд төгрөгийн орлого, Монголбанканд 1.1 тэрбум ам.долларын гадаад валютын нөөц төвлөрүүлснээс харахад, эдгээр компанийн зохистой менежмент нь улсын төсвийн орлогыг тогтвортой хадгалахад чухал үүрэг гүйцэтгэж байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe