Агаарын бохирдол их байгаатай холбогдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нар, УИХ дахь намуудын бүлгийн дарга нарыг дуудаж уулзлаа. Уулзалтаар юу яригдсаныг Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт өглөө.
Тэрээр "Ерөнхийлөгчийн хувьд утааны асуудлаар тодорхой үүрэг, чиглэл өглөө. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн Ерөнхий сайд байх үед агаарын бохирдол хоёр дахин буурч байсан түүхтэй. Тэрээр тухайн үед утаатай тэмцэхэд хүн бүр анхаарч байсныг дурдаад түүхий нүүрс хот руу оруулахыг хориглосон, цахилгаан станц, уурын зуухнуудын шүүлтүүрийг сольж, хяналт сайн тавьж байсныг ярьж байна. Энэ хүрээнд Ерөнхийлөгчийн зүгээс холбогдох албаны хүмүүст ажлаа сайжруулж, байгууллага хоорондын уялдаа холбоогоо сайжруулах үүрэг чиглэл өгч байна.
Цаашлаад гал түлэхгүй болох, инженерийн байгууламж барьж байгуулахад анхаар гэсэн. Ерөнхийлөгч яагаад ажлын уялдаа алдагдаж, утаа ихсэв, яагаад МХЕГ-ыг татан буулгав, яагаад Агаар орчны бохирдлын үндэсний хороог татан буулгав гэдэг асуудлыг хөндөж ярилаа. Урьд нь хийсэн сайн туршлага байгаад байхад урдахаасаа илүү дордоод байгаа нь та бүхний ажилтай холбоотой хэмээн ярилаа" гэв.
Мөн С.Бямбацогт сайд үргэлжлүүлэн "Хуралдаанд ЦЕГ, Тагнуулын удирдлагууд оролцлоо. Утааны асуудалд хууль зөрчиж ажилласан хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэхийг даалгалаа. Ерөнхийлөгчийн хувьд бүтэн утаагүй болгож чаддаггүй юм аа гэхэд 2020, 2021 оны хэмжээнд хүргэж яагаад болдоггүй юм бэ, зөндөө хөрөнгө зарж, утааны асуудал хариуцсан зөндөө яам тамгын газартай болчхоод энэ асуудлаа шийдэж чадахгүй байгаа нь та бүхэн ажлаа хийхгүй байгаатай холбоотой шүү гэж сануулж, буух эзэн буцах хаягтай болгож, ажилдаа ор гэж хэлсэн. Та бүхэнд хяналт тавьдаг, уялдааг хангах газаргүй болсон байна.
Засгийн газрыг тодорхой үр дүн гаргаж ажлаа эрчимжүүл, хариуцлагатай ажилла, ажлынхаа уялдаа холбоог сайжруул гэдэг чиглэл өглөө" гэв.
Сэтгэгдэл үлдээх