Х.Нямбаатар: Утааг зун болохоор мартдагаа болимоор байна

Ж.Номин
2024-12-18

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар агаарын бохирдлын асуудлаар мэдээлэл өглөө. 

Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог дахин байгууллаа

Тэрбээр “Нийт агаарын бохирдол үүсгэж байгаа үүсгүүрийн 56 хувийг гэр хорооллын яндан, 29 орчим хувийг тээврийн хэрэгсэл, үлдсэн 16 хувийг уурын зуухнууд болон цахилгаан станц эзэлж байгаа гэх судалгааг ЖАЙКА олон улсын байгууллагын 2022 оны тайланд дурдсан байдаг. 2023, 2024 онд шинээр хийсэн судалгаа, тайлан байхгүй. Агаарт гаргаж байгаа азотын давхар исэл, нүүрстөрөгчийн хувь хэмжээг бууруулах урт болон богино, дунд хугацааны төлөвлөгөөг гаргаж, бодлого боловсруулж ажиллах чиг үүрэг бүхий Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог Засгийн газрын хуралдаанаар дахин байгууллаа. Уг хороог Байгаль орчны сайд С.Одонтуяа ахална. Миний бие нарийн бичгийн даргаар ажиллана” гэв. 

Агаарын бохирдлыг өдөөж байгаа 60 мянган айл байна

Гэр хороололд 198 мянган яндан байгааг 2024 оны 7 сард албаныхан явж тоолсон. Жилд дунджаар 520-540 мянган тонн сайжруулсан түлшийг сүүлийн 2 жилийн хугацаанд түлсэн байна. Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас хийсэн судалгаагаар 60 мянган айл гэр, байшингаа дулаалах шаардлагатай гэх дүн гарсан. Өөрөөр хэлбэл, агаарын бохирдлыг өдөөж байгаа 60 мянган айл байна. Мөн 84,400 байшинтай айлын зуухыг шинэчлэх нэн шаардлагатай. Сүүлийн үед гарсан угаарын хордлогын дийлэнх нь энэ яндангуудтай холбоотой. Бухимдсан иргэд түүхий нүүрсээ буцаж түлье гэх шаардлагуудыг тавьж байгаа. Түүхий нүүрс түлдэг байх үед нүүрсний үнэр, агаарын бохирдлын хэмжээ илүү байсныг мэргэжилтнүүд хэлж байгаа.  Агаарын бохирдолтой тэмцэхийн тулд айл өрхүүд өөрсдөө гэрээ дулаалж, яндан зуухаа шинэчлэх шаардлагатай байна. 

Яндангүй бүстэй болно

Бага тойруу орчим дахь Дөлгөөн нуур, 32, Гандан гэх зэрэг төвийн бүсийг яндангүй бүсэд хамруулна. Энэ бүсэд 20 мянган айл байх бөгөөд бүгд LNG буюу газаар халаалтаа шийднэ. Үүнийг хийх төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээг сар шинийн баяраас өмнө байгуулахаар ажиллаж байна. Барилгын ажил 3 сард эхэлж, 2025 оны 11 дүгээр сар гэхэд 20 мянган айлыг LNG хэрэглээнд шилжүүлнэ. Мөн нефтийн дайвар бүтээгдэхүүн болох газын үйлдвэр байгуулах бөгөөд 80 мянган айлыг уг шугам сүлжээнд холбох боломжтой дундын станцыг байгуулахаар гаднын мэргэжилтнүүдийг урьж ажиллуулж байна.

LNG хэрэглээнд шилжихэд хамгийн хүндрэлтэй асуудал нь хэрэглэгчийн төлөх төлбөр. Аль нэг улсаас хараат болох, тэсэрч, дэлбэрэх эрсдэл бүхий систем угсрах, хэрэглэгч дааж давшгүй өр, төлбөрт унахаас урьдчилан сэргийлэх нь чухал. Бид 198 мянган айлыг газын хэрэглээнд бүтэн шилжүүлэхэд хугацаа орох  тул эхний ээлжид 100 мянган айлыг 2 жилийн дотор шилжүүлнэ. НИТХ-аас газын шилжилт хийх компани байгуулсан бөгөөд төлөөлөгч Ч.Батзориг ахалж байгаа.

Эцэст нь тэрбээр “Бид 40 жил эрчим хүчний салбарт нэг ч хөрөнгө оруулалт хийгээгүй, 1984 оноос хойш ганц ч дулааны цахилгаан станц бариагүй өдийг хүрсэн. Гэтэл өнөөдөр гэнэт утаа манан ихсээд, агаарын инверс урсгал зогсонги байдалд ороод ирэхэд бүгд гэнэт сэрээд л, зун болохоор буцаад мартчихдаг. Энэ байдлаа өөрчилье” хэмээсэн юм.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe