Их Британийн засгийн газраас 13 их наяд төгрөг зээлж метро барина гэв

Ж.Номин
2024-12-18

Хотын дарга Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл өгсөн билээ. Энэ үеэр Улаанбаатар хотын түгжрэлийн эсрэг хэрэгжүүлэх томоохон бүтээн байгуулалтын талаар ярив. 

Тодруулбал, нийслэлийн хувьд дотоод нөөц бололцоогоо шавхаж, суурь урсгал зардлуудаа нэмэхгүй байя гэх зарчмаар төсвөө баталсан аж. Мөн хөрөнгө оруулалтын хүрээнд олон ажлыг ирэх жил эхлүүлж байгаа бөгөөд түгжрэлтэй холбоотойгоор Туулын хурдны замын төсвийг бүтэн тавьсан юм. Харин тойрог хурдны замын PMC буюу зөвлөх үйлчилгээний багийг тодруулах тендер шалгарч дууссан ба одоо 1, 2-р тойрог хурдны замын концепц, дизайныг гаргах урьдчилсан ТЭЗҮ-г боловсруулан батлуулах бэлтгэл ажлыг хийж буй.

Уг ажлыг хийхэд энэ сараас нэмэгдсэн замын сангийн тавар, хураамжууд санхүүгийн тодорхой эх үүсвэр болж байгаа аж.

Хотын дарга Х.Нямбаатар: 

-Бид  олон улсын зөвлөх инженерүүдийн холбооны гаргасан үлгэрчилсэн дүрмийн дагуу ТЭЗҮ-гээ боловсруулж, EPC нөхцөлөөр тендерээ зарлах бэлтгэл ажил бидний өмнө байна. Метротой холбоотой санхүүжилтийн асуудал шийдэгдчихсэн гэж товчхондоо хэлмээр байна.

Энэ долоо хоногт Их британийн Засгийн газрын Сангийн яамнаас манай Засгийн газарт 3 тэрбум фунт стерлингийн /13 орчим их наяд төгрөг/ 15 жилийн хугацаатай Засгийн газрын метроны төсөлд гаргах баталгааны бичиг манайд ирэхээр болж байгаа.

Би сая очиж уулзан, нэлээн дэлгэрэнгүй яриа хэлэлцээр хийсэн. Одоо зарлагдчихсан байгаа метроны тендерийг зогсоож, хойшлуулалгүй явуулах боломж бүрдэж байгаа гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, урт хугацааны санхүүгийн сайн хэрэгслийг ашиглаж метроны санхүүжилтийг босгох чиглэл рүү явж байгаа. Одоо бид синдикат банкнуудтай 1,2-р сард уулзалт хийхээр төлөвлөж байгаа.

Би бас гадаад томилолт авахаар их төвөгтэй юм. “Томилолтоор явлаа” гээд шүүмжлүүлээд байгаа учир синдикат банкнуудтай онлайн уулзалт хийх эсвэл Улаанбаатар хотод урьж уулзах талаар ажиллаж байна гэв. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe