Хотын дарга Х.Нямбаатар Улаанбаатар хотын утааг бууруулахад дараах 6 ажлыг хийнэ гэж мэдэгдлээ.
1. Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог сэргээн байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх утааг бууруулах асуудлаар дарга, сайд нар болон холбогдох албаны хүмүүсийг дуудаж уулзахдаа Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог яагаад татан буулгасан бэ гэдэг асуудлыг хөндсөн. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар 2023 онд татан буугдсан энэхүү хороог сэргээн байгуулж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа ахалж, Х.Нямбаатар нарийн бичгийн даргаар нь ажиллахаар болсон байна.
Энэхүү хороо нь агаарыг бохирдуулагч хүчин зүйлсийг тайланг гаргаж, түүнийг хэрхэн шийдвэрлэх арга замыг олох юм.
2. Нүүрсэн яндангүй машиныг журамлана
Автомашинаас ялгардаг азотын исэл нь агаар бохирдуулагч гол хүчин зүйлсийн нэг билээ. Ялангуяа Hybrid төрлийн приус машинууд нь зориулалтын нүүрсэн янданг сольсон байдаг нь азотын ислийг ихээр ялгаруулж, агаар бохирдуулдаг байна. Тиймээс нүүрсэн яндангүй машиныг эхний ээлжид сануулж, дараагийн удаа журамлана. Харин зориулалтын яндан тавьсан тохиолдолд хөдөлгөөнд оролцуулах аж.
3. Айлуудын зуух солино
Хотын даргын мэдээлснээр сүүлийн үед угаартаж буй айлуудын дийлэнх нь стандартын шаардлага хангахгүй зуухтай байгаа аж. Тиймээс шаардлага хангахгүй байгаа 84 мянган айлын зуухыг солино. Ингэснээр угаартах эрсдэлээс сэргийлэхээс гадна утаа ялгаруулалтыг багасгах гэнэ.
4. Газын хэрэглээнд шилжинэ
Нийслэлээс яндангүй бүс байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ. Танилцуулгад Бага тойруу орчим дахь Дөлгөөн нуур, 32, Гандан гэх зэрэг төвийн бүсийг яндангүй бүсэд хамруулахаар тусгасан байна. Энэ бүсэд 20 мянган айл байх бөгөөд бүгд LNG буюу газаар халаалтаа шийднэ. Үүнийг хийх төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээг сар шинийн баяраас өмнө байгуулахаар ажиллаж байна. Барилгын ажил 3 сард эхэлж, 2025 оны 11 дүгээр сар гэхэд 20 мянган айлыг LNG хэрэглээнд шилжүүлнэ. Мөн нефтийн дайвар бүтээгдэхүүн болох газын үйлдвэр байгуулах бөгөөд 80 мянган айлыг уг шугам сүлжээнд холбох боломжтой дундын станцыг байгуулахаар гаднын мэргэжилтнүүдийг урьж ажиллуулж байна.
5. Сайжруулсан түлшийг шинжилнэ
2019 оноос манай хотод сайжруулсан шахмал түлшийг түлж буй билээ. Сүүлийн жилүүдэд уг түлшний найрлагад олон нийт эргэлзэж эхэлсэн бөгөөд уг асуудлыг нийслэлээс судалж эхэлжээ. Энэхүү судалгаа дууссаны дараа сайжруулсан шахмал түлшний найрлагыг өөрчилнө.
Х.Нямбаатар НИТХ-ын анхны хуралдаанаар Тавантолгой түлш ХХК-ийн сайжруулсан түлшийг эко түлш болгоно хэмээн ярьж байсан юм.
6. V цахилгаан станцыг хөдөлгөнө
Олон жил яригдсан тавдугаар цахилгаан станцад хөрөнгө оруулалт хийх сонирхлоо аж ахуйн нэгжүүд илэрхийлж эхэлжээ. Станцыг II цахилгаан станцын үнсэн сан дээр түшиглэж байгуулах бөгөөд төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ байгуулах аж.
Сэтгэгдэл үлдээх