Чөлөөт худалдааны түр хэлэлцээр хийх хугацааг хойшлуулахаар боллоо

Ц.Чимэдцэеэ
2024-12-18

Энэ сарын 12-нд МҮХАҮТ болон Эдийн засгийн хөгжлийн яам хамтран "Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийн төслийн талаар бизнес эрхлэгчидтэй санал солилцох уулзалт" зохион байгуулсан. Энэ үеэр ААН-үүдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгч, санал хүсэлтийг нь хүлээн авч, Засгийн газарт уламжлахаар болсон. 

Тэгвэл Ервазийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах эсэхтэй холбоотойгоор бизнес эрхлэгчдийн зүгээс Шадар сайд С.Амарсайхантай уулзах хүсэлт хүргүүлсний дагуу Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Монгол Улс-Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын комиссын Монголын талын даргын хувьд өчигдөр хүлээн авч уулзаж, санал хүсэлтийг нь сонссон байна. 

Бизнес эрхлэгчдийн зүгээс хэлэлцээрийг хойшлуулах саналыг уламжлахын сацуу түр хэлэлцээрийн гэрээнд тусгах саналаа гардуулж нааштай шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсчээ. Шадар сайд С.Амарсайханы хувьд чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг хойшлуулах бизнес эрхлэгчдийн саналыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлэхээ мэдэгдсэн юм. 

Тэгвэл өнөөдөр Засгийн газар хуралдаж, Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг хойшлуулах шийдвэр гаргасан талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээллээ. 

Тэрбээр "Евразийн хэлэлцээрийг хойшлуулж өгөхийг хүссэн ААН-үүдийн хүсэлтийг Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн Засгийн хөгжлийн сайд Л.Гантөмөр өнөөдөр Засгийн газарт танилцууллаа. Хуралдаанаас хэлэлцээрийг түр хойшлуулах шийдвэр гаргалаа.

Ингэхдээ хэлэлцээрийг зогсоох биш, хугацааг нь сунгаад үргэлжлүүлнэ. Үндэсний үйлдвэрлэгч, аж ахуй нэгжүүдийн саналыг сайтар сонсож, тусгах, гадаад зах зээл рүү бараа бүтээгдэхүүнээ экспортлох боломжоо нэмэгдүүлэхийн зэрэгцээ дотоод үйлдвэрлэгч, аж ахуй нэгжийнхээ үйл ажиллагааг дэмжих, хэрэглэгчдийн ашиг сонирхлыг хамгаалах, хэрэглэгчдэд олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг чанартай, хямд өртгөөр нийлүүлэх ёстой гэдэг үүднээс хэлэлцээрийг цаашид үргэлжлүүлж, харилцан ойлголцсон, нэгдсэн ойлголттой болсон нөхцөлд хийх ёстой гэдэг агуулгаар хэлэлцээр хийх хугацааг хойшлуулж шийдвэрлэлээ” гэв.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe