Гадаад ажилчдад хязгаар тогтоохгүй 2 жил ажиллуулна гэх хуулийн төслийг яагаад санаачлав

Ж.Номин
2024-12-20

Өчигдөр УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Алтаншагай, Н.Батсүмбэрэл, Э.Бат-Амгалан, Ж.Алдаржавхлан нар Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төслийг санаачлан, УИХ-д өргөн мэдүүлсэн.

Тус хуулийн төсөлд уул уурхай, газрын тос олборлох үйл ажиллагаанаас бусад эдийн засгийн үйл ажиллагааны салбарт 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй бөгөөд энэ хугацаанд ажил олгогчийг гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх зохицуулалтыг тусгасан байна.

Тэгэхээр 2 жилийн хугацаанд гадаад ажилтны тоо, хувь хэмжээнд хязгаарлалт тавихгүй, ажлын байрны төлбөр авахгүй гэсэн үг. 

Уг хуулийн төсөл цахим орчинд багагүй шүүмжлэлд өртөж байгаа бөгөөд хууль санаачлагчдын зүгээс хуулийн төслөө дараах шалтгаануудыг дурдан хамгаалж байгаа юм. Үүнд:

  1. Ажиллах хүчний хомсдол нь 2028 онд оргилдоо хүрч, 2030 он хүртэл үргэлжлэхээр байгаа талаарх судалгаа, тооцоолол гарсан байна. Иймээс ажиллах хүчний хомсдол, энэхүү нөхцөл байдлын удаан үргэлжлэх төлөвтэй байна.
  2. Хуулиар тогтоосон ажлын байрны төлбөрийн хэмжээ нь өндөр байгаа нь ажил олгогч шаардлагатай ажлын байрандаа дотоодоос ажилтан авах боломжгүй нөхцөлд гадаад ажилтан авч чадахгүйд хүрч, улмаар ажиллах хүчний хомсдолд орсон байж болзошгүй гэх судалгааны дүн гарсан.
  3. 2023 онд ажил олгогчдод 30,000-40,000 ажиллах хүч шаардлагатай байсан ба дотоодын ажиллах хүч тэдгээр ажил олгогчдын ажиллах хүчний эрэлтэд нийцээгүй, улмаар ажиллах хүчний хомсдолд орсон.
  4. Ялангуяа ажиллах хүчний хомсдолд өртөөд буй бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн онцлог, санхүүгийн хязгаарлагдмал байдлыг харгалзан үзвэл хуулиар тогтоосон ажлын байрны төлбөр өндөр байна. 

Хэдийгээр тодорхой хугацаанд гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байхаар зохицуулах ч гадаад ажилтан авахаас өмнө дотоод ажилтныг хайх, зар байршуулах, мөн гадаад ажилтан авч ажиллуулахад дотоодын ажилтныг дагалдан сургах зэрэг ажил олгогчийн үүрэг хэвээр үргэлжилнэ гэж тусгажээ.

Ийнхүү өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа бөгөөд УИХ-ын гишүүн Ө.Шижир ч байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Манай орон ажиллах хүчний хомсдолд орсон улс биш. Ажиллах хүчний хомсдолд орсон улс л ийм арга хэмжээ авдаг. Гэтэл 2024 оны байдлаар нийт хөдөлмөр эрхлэх чадвартай хүн амын 59.2% буюу ойролцоогоор 60% нь л хөдөлмөр эрхэлж байгаа. Энэ хууль батлагдвал энэ тоо хэд болж буурах уу? Өнөөдрийн байдлаар хөдөлмөр эрхэлж байгаа нийт иргэдийн 16 % нь төрийн албан хаагч байна” гэв.

Түүнчлэн “хуулийн төслөө өргөн барихаасаа өмнө нийгэмд зөв ойлголтоо өгсөнгүй, ажлын байр бий болгодог хүмүүс л энэ хуулийн төслийн ач холбогдлыг ойлгоно, иргэд мэдээлэлгүй байгаа учир эсэргүүцэх нь тодорхой” гэх иргэд ч байгаа юм.

Ташрамд, хууль санаачлан өргөн мэдүүлсэн дээрх 5 гишүүн нийслэлтэй нягт холбоотой гишүүд. Учир нь УИХ-ын гишүүн П.Сайнзориг өмнө нь Хотын дарга Х.Нямбаатарын 1-р орлогч, Ж.Алдаржавхлан ХУД-ийн Засаг дарга, Н.Батсүмбэрэл ЧД-ийн Засаг дарга, Н.Алтаншагай СХД-ийн Засаг дарга, Э.Бат-Амгалан УИХ дахь Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал хариуцсан түр хорооны даргаар тус тус ажиллаж байсан юм.

Ингээд харахаар эдгээр гишүүдийн санаачилсан хуулийн төсөл Хотын даргын захиалга байсан уу гэх хардлагыг төрүүлж байна. 

Хэн нэгний захиалгатай байсан ч уг хуулийн төсөлд хамаарах иргэн, хуулийн этгээдийг хохироолгүй, үр ашигтай байх ёстой.  

Уг хуулийн төсөлтэй танилцахыг хүсвэл https://d.parliament.mn/tusul/31d89f54-c686-4780-b2b9-a964ad8d7217 дарж үзээрэй. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe