УИХ-ын гишүүн П.Сайнзориг Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төслийнхөө талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Гадаад иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27.4-т Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэдийн тоо нь Монгол Улсын харьяат хүн амын 3 хувь, үүний дотор нэг улсын иргэн 1 хувь хүртэл байж болно” гэж заасан. Энэ хуулиа мэдээж дагана. Гэхдээ өнөөдөр мөрдөгдөж байгаа ажиллах хүчний квот бол дарга нарын аж ахуйн нэгжүүдээ зовоох хэрэгсэл болсон. Өөрөөр хэлбэл, энэ квотод дандаа том том аж ахуйн нэгжүүд орж байгаа.
Энэ квотыг авч, гадаадаас ажиллах хүч авч ирсэн компаниудын хамаарал бүхий хүмүүс нь дандаа улс төрчид байдаг.
Тэгээд ажлын байрны төлбөрөөсөө 100 хувь чөлөөлөгдчихдөг. Харин жижиг дунд бизнес эрхлэгчид энэ квотод хамрагдаж чаддаггүй.
Үндэсний аюулгүй байдалд харшлах зүйл байхгүй, хуулиараа ГИХГ хяналт тавьж ажилладаг.
Жилд 20 мянган ажиллах хүчний квот тогтоодог бөгөөд энэ жил 23 мянгаар тогтооно гэсэн байдаг. Гадаад ажилтан гэхээр дандаа хятад ажилчид гэж ойлгож болохгүй.
Хоёрдугаарт, гадаадаас ажиллах хүч оруулж ирэхээр ААН-үүд цалин, НД, байр хоолны зардлаас гадна жилийн 15,600,000 төгрөгийн татвар төлдөг. Үүнийг жижиг ААН-үүд дийлэхгүй.
Жишээ нь, нэг жижиг ресторан гаднаас тогооч авчирлаа гэж бодоход цалинд 4-5 сая төгрөг төлчхөөд нэмээд 15 саяыг төлнө гэвэл тэр ААН-д маш том дарамт болно. Мөн тухайн нэмэгдсэн зардал нь эргээд хэрэглэгчийн худалдан авах бүтээгдэхүүнд шингэж, өснө.
Монголд чулуунаас их юм байхгүй. Гэтэл түүнийг олборлох мэргэжилтэн байхгүй. Тийм нэг мэргэжилтэн аваад монгол залуучуудаа дагалдуулж сургах хэрэгтэй.
Тэгэхээр ийм л боломжуудыг жижиг ААН-үүддээ олгоё гэх зорилгоор уг хуулийн төслийг санаачилсан. Мэдээж хяналттай явна.
Өнгөрсөн жил гадаадын 6500 ажилтны 5673 нь ажлын байрны төлбөрөөс 100 хувь чөлөөлөгдсөн байна. Тэгвэл ямар шаардлага шалгуураар энэ хүмүүсийг чөлөөлсөн бэ, энэ эрхийг ямар ААН-үүдэд өгөөд байна вэ. Тиймээс ард түмний төлөөлөл болсон УИХ үүнийг шийддэг болох хэрэгтэй.
Бид гадаадын туршлагатай мэргэжилтнүүдээс суралцаж байж монголчуудад ноу-хау, мэдлэг үлдэнэ.
Залуучууд МСҮТ-д сураад ийм мэдлэг олж авч чадахгүй байна. Харин чадвартай хүмүүсийг дагалдаж байж, ур чадвараа эзэмшинэ. Эргээд энэ чадварыг эзэмшсэн монгол залуучуудын цалин хөлсний үнэлэмж нэмэгдэнэ. Гадаадын том том хотууд ч ур чадвартай мэргэжилтнүүдийг урьж авчирч байж хөгжсөн.
Эцэст нь Женкогийн гар хөл болсон Отгонтөгс, буурал Гансүх, З.Энхболд тэргүүтэй хүмүүс улс төрийн дайралт хийхдээ эмэгтэйчүүдийг урдаа барьж, доромжилдгоо болих хэрэгтэй. Гадаад ажилчдыг квотгүй оруулж ирнэ гэхээр зөвхөн хятад ажилчид орж ирээд, эмэгтэйчүүд нь тэд нартай суучих юм шиг яриад, эмэгтэйчүүдийг доромжлоод байх юм. Та нар энэ улсын хөгжлийг танкны үлгэр ярьж олон жил гацаасан шүү. Энэ хуулийн төсөл зөвхөн өргөн баригдсан байгаа. Асуудал байгаа бол хэлэлцүүлгийн шатанд ярь гэв.
Сэтгэгдэл үлдээх