Утаа их байгаа учир 2023 онд татан буугдсан Агаар, орчны бохирдлын үндэсний хороог сэргээн байгуулж, Байгаль орчин, уур амьсгалын сайд С.Одонтуяа ахалж буй билээ. Тэгвэл С.Одонтуяа сайд Засгийн газрын 100 хоног тохиож буй энэ өдөр сайжруулсан шахмал түлшийг чанарын хувьд сайжруулахаас гадна хагас коксжуулсан нүүрс буюу хөх нүүрсийг хэрэглэнэ гэдгийг зарлалаа. Ингэхдээ Багануурын эрчим хүчний нүүрсний уурхайг түшиглэн хагас коксжуулсан нүүрсний үйлдвэрийг байгуулна. Үйлдвэр байгуулах өртгийг Эрдэнэс Монгол ХХК гаргах аж.
Энэ талаар Байгаль орчин, уур амьсгалын сайд С.Одонтуяа "Утааг арилгах дунд хугацааны бодлогод хагас коксожсон нүүрсний үйлдвэр байгуулах шийдвэр гарсан. Цаашдаа хагас коксожсон нүүрс биш хөх нүүрс хэмээн нэрлэж явна. Багануурын уурхайд түшиглэж энэхүү үйлдвэрийг байгуулах бөгөөд 2025 он гэхэд эхний 100 мянган тонн нүүрсийг үйлдвэрлэнэ, ингээд 2027 он гэхэд нийт 800 мянган тонн нүүрс үйлдвэрлэнэ. Ингэснээр агаарын бохирдлыг шийднэ гэж тооцож байна. Энэ бол утааг бууруулах гол шийдлүүдийн нэг юм" гэлээ.
Харин одоо түлж буй сайжруулсан шахмал түлшийг яах талаар асуухад "Багануурын уурхайд түшиглэж буй хөх нүүрсний үйлдвэрийг Эрдэнэс Монгол ХХК-ийн санхүүжилтээр хийнэ. Тавантолгой түлш ХХК буюу сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг бид хоцрогдсон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, түүхий нүүрснээс сайжруулсан түлш рүү шилжсэн. Энд давуу тал байсан уу, байсан. Тухайн үед үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж байна. Тиймээс түлшний чанарыг өөр түвшинд гаргана гэж үзэж байна. Тавантолгой түлш ХХК нь жилд 200 гаруй тэрбумын татаас авдаг. Тиймээс бид ухарсан зүйлээс татгалзаж, шинэ зүйлд хөрөнгө оруулъя гэж шийдсэн" гэв.
Сэтгэгдэл үлдээх