НИТХ-аас 2024 оны 2 сарын 8-нд Улаанбаатар хотын таксинаас бусад нийтийн тээврийн үйлчилгээг өдөрт 1000 төгрөгийн тарифаар зорчуулах тогтоол гаргасан. Уг тогтоол 2025 оны 1 сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм.
Анх 2014 онд нийтийн тээврийн буюу автобусны тарифыг 500 төгрөг болгон тогтоож байсан бол 10 жилийн дараа ийнхүү шинэчилжээ.
Өмнө нь 30 минутад дамжин суухад үнэгүй зорчдог байсан бол шинэ журмаар нийтийн тээврийн үйлчилгээнд зориулагдсан картаар өглөөний 06:00 цагаас оройны 23:00 цаг хүртэл 4 удаа нийт 1000 төгрөгөөр зорчих боломжтой аж. Зориулалтын бус буюу арилжааны банкны картаар төлбөр төлбөл зорчилт бүрд 1000 төгрөг төлнө.
Нийтийн тээврийн үйлчилгээний зориулалтын карт гэдэг нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан картыг хэлнэ.
Боловсролын тухай хуульд орсон өөрчлөлтөөр оюутнуудад олгож байсан хөнгөлөлт хүчингүй болсон тул 2025 оны 1 сарын 1-нээс зорчилт бүрд 1000 төгрөг төлнө гэсэн үг.
Харин насанд хүрээгүй хүүхдэд 200 төгрөгөөр үйлчлэх аж.
Автобусаар зорчиход 2 төрлийн систем ажиллаж байгаа буюу хуучин Улаанбаатар смарт төхөөрөмж болон бүх төрлийн арилжааны банкны картаар зорчих боломжтой. Мөн Qpay, SocialPay зэрэг цахим төлбөрийн хэрэгслүүдийг ажиллуулах аж.
2021 оны судалгаагаар нэг зорчигч тээвэрлэх бодит үнэ 1300 төгрөг гэх зардлын тооцоолол гарсан бөгөөд үүнд тулгуурдан нийтийн тээврийн салбарын зардлын зөрүү, алдагдлыг ойртуулахаар уг шийдвэрийг гаргажээ.
Сэтгэгдэл үлдээх