Сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэдэг Тавантолгой түлш ХХК-д барьцалдуулагч нийлүүлдэг Хангайхан Өндөр ХХК-ийн захирал Ю.Идэрцогт БНХАУ-аас импортолдог барьцалдуулагчийг утаа ялгаруулдаг гэх мэдээллийг цахим орчинд нийтэлжээ.
Тэрээр "Миний хувь эзэмшдэг, би захирлаар нь ажилладаг Хангайхан Өндөр ХХК нь Тавантолгой түлш ХХК-д сайжруулсан шахмал түлшний барьцалдуулагч нийлүүлсэн. Гэхдээ түрүүлээд нэг юм хэлэхэд энэ өнөөдрийн утаа угаар ихсээд байгаа чинь манай бүтээгдэхүүнээс болоогүй, хятадын цардуул суурьтай барьцалдуулагчаас болоод байгаа гэдгийг баттай хэлье. Гүйцэт хатдаггүй нойтон мөн хар тугалга хүнцэл ч ихээр агуулагдсан байж болзошгүй энэ хятад барьцалдуулагчаасаа татгалзаач гэж чинээгээрэй үзээд барахгүй байгаа юм аа. Манай бүтээгдэхүүнийг жишээ нь дангаар шатаахад ийм утаа угаар гарахгүй. Монголд сайжруулсан шахмал түлшний барьцалдуулагч үйлдвэрлэх зориулалт бүхий баригдсан ганц үйлдвэр нь манайх.
Маш их судалж, мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авсны үндсэн дээр хятад барьцалдуулагчаас салах, нийслэлийн утааг бууруулахад бага ч гэсэн хувь нэмэр оруулъя гээд Засгийн газрын үндэсний үйлдвэрээ дэмжинэ гэсэн уриа үгэнд итгээд хөрөнгө оруулалт татаж 3 монгол залуу босгосон үйлдвэр. Бүтээгдэхүүнээ лабораторийн аргаар гарган авч монголын бүх лабораторид шинжлүүлж тэнцсэн учраас үйлдвэрээ эхлүүлсэн. 2023 оны зун үйлдвэр ашиглалтад орж Тавантолгой түлш ХХК-д албан ёсоор хандаж тендерт нь ч оролцсон. Тавантолгой түлш компаниас 20 иод хүн бүхий комисс томилогдож барьцалдуулагч нийлүүлэх хүсэлтэй 10-аад компаниар тойрч танилцсан. Ганц манайхыг бүх талаар тэнцэж байна бусад нь ченжүүд ихэвчлэн байна гэцгээж байсан. Тэгээд манай бүтээгдэхүүнд үйлдвэрлэлийн туршилт хийсэн нь мөн маш сайн үзүүлэлт гарсан тул гэрээ хийсэн. Энэ гэрээний дүн бол тэдний авдаг барьцалдуулагчийн 10 хувьд ч хүрэхгүй дүн. Тал илүүг нь хятадаас авдаг юм билээ. Тавантолгой түлш компаний өдөр бүр гардаг технологийн мэдээгээр манайх бусад барьцалдуулагчаас чанар сайны зэрэгцээ 30-40 хувийн хэмнэлттэй зарцуулагддаг. Харин хятад нь барьцалддаггүй үйрээд байдаг, байнгын 2-7 хувийн хэтрэлттэй зарцуулагддагаас гадна хамгийн гол нь 200 гаруй целсийн температурт л хатдаг цардуул шар шавар бүхий орцтой тул өвөл хатахгүй, шатахгүй уугисаар, угаартуулсаар байгаа юм аа" гэсэн байна.
Энэ талаар Тавантолгой түлш ХХК-ийн Ерөнхий технологич Ц.Өлзийбатаас тодрууллаа.
-Тавантолгой түлш ХХК хаанаас хаанаас барьцалдуулагчаа авдаг вэ?
-Тавантолгой түлш ХХК нь дотоодын гурван компанийн нэгдэл болсон нэг консерциум болон БНХАУ дахь Өвөрмонголын шинэ материал технологи компаниас барьцалдуулагчаа авдаг. Дотоодын гурван компанийн нэгдэл дотор нь Хангайхан Өндөр ХХК байдаг. Энэ гурван компани нь нэг оюуны өмчийн патент буюу нэг шинж чанартай барьцалдуулагчийг нийлүүлдэг.
-Хангайхан өндөр ХХК-ийн захирал нь хятадаас импортолдог барьцалдуулагчаас болж утаа ихэссэн гэж байна. Тэрхүү барьцалдуулагч нь чанарын шаардлага хангадаг уу?
-Бид үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлээд энэхүү импортын барьцалдуулагч ашиглаж байна. Энэ нь шаталтыг дэмждэг, органик нэгдэлтэй. Дотоодынх мөн ялгаагүй. Тиймээс аль аль нь манай технологид тохирдог.
-Тэгвэл та бүхэн утаа их байгааг юунаас болсон гэж үзэж байна вэ?
-Манай компанийн хувьд утаагүй түлш үйлдвэрлэдэг юм биш. Бид утаа багатай л түлш үйлдвэрлэдэг. Утаа ихэссэн нь маш олон хүчин зүйлээс болсон. Үйлдвэрлэгч хүнийхээ хувьд хэлэхэд, манай түлш түүхий нүүрсийг бодоход бага утаатай.
Сэтгэгдэл үлдээх