С.Амарсайхан: Ирэх онд Орос-Хятад-Монголын онцгой байдлын алба хаагчид хамтарсан сургуулилт хийнэ

.Graph
2024-12-23

Монгол улсын Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын Онцгой байдлын сайд А.В.Куренковтой албан уулзалт хийлээ.  Уулзалтаар 2025 оны 8 дугаар сард ОХУ, Монгол, БНХАУ-ын онцгой байдлын аврагчдын хамтарсан дадлага сургуулилт зохион байгуулахаар талууд тохиролцжээ. Манай улс ОХУ-тай  гамшгаас хамгаалах чиглэлд хамтын ажиллагаагаа илүү өргөжүүлэх бодлого баримтлан ажиллаж байна. 

Манай хоёр улс хил орчим гарах хээрийн түймэр, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн ган зуд, цаг уурын аюулт үзэгдэл, газар хөдлөлтийн болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, авран хамгаалах чиглэлд хамтран ажиллаж ирсэн. Өнөөдрийн уулзалтаар Хоёр улсын онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, цаашид хэрэгжүүлэх сургалт, төсөл хөтөлбөрийн талаар хэлэлцсэн байна. Мөн аж үйлдвэрийн салбар дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, гамшиг ослын үед хэрэглэх техник технологийн хангамж, нөөц, бэлэн байдал, аврагч алба хаагчдын ур чадвар гээд олон чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх саналтай байгаагаа илэрхийллээ.

Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан "2025 онд ОХУ-ын Хабаровск хотод БНХАУ, ОХУ, Монгол Улсын Онцгой байдлын алба хаагчид хамтарсан сургуулилт хийхээр болжээ. Энэхүү сургуулилтыг хоёр жил тутамд зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд тус сургуулилт нь гурван улсын гамшгаас хамгаалах арга тактик, техник технологийн хөгжил дэвшил, алба хаагчдын ур чадвар, дадлага туршлага солилцох чухал ач холбогдолтой юм. Түүнчлэн цаашид хамтарсан сургуулилтын давтамж, тоог нэмэгдүүлэх, гамшгийн үеийн авран хамгаалах, сэргээн босгох үйл ажиллагааны үед ашиглах хамтарсан механизмыг бий болгох, хоёр улсын дундын эрсдэл, түүнээс үүсэх хохирлыг бууруулах чиглэлд хамтран ажиллахаар санал нэгдлээ" гэв. 

Мөн ОХУ-ын Онцгой байдлын сайд А.В.Куренков "Монгол Улс болон ОХУ-ын Онцгой байдлын салбар олон жил найрамдалт харилцаатай явж ирлээ.  Бидний харилцаа цаашид ч  өргөжих болно. 2023 оны 9-р сард 19 дүгээр хурлын үеэр уулзаж, санал солилцож ирэх жилүүдэд хамтран ажиллах богино хугацааны төлөвлөгөөгөө  баталсан. Энэ ажлын хүрээнд бид усанд шумбагчдыг бэлтгэх зорилгоор Хөвсгөл нуурын эрэгт дасгал сургуулилтыг  зохион байгуулсан. Мөн  хил орчмын хамтын ажиллагааг бэхжүүлэх үүднээс   21 аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчидтай хамтран, мэргэжил дээшлүүлэх, зөвлөмж хүргүүлэн ажиллаж байна. 2025 онд бид Монгол Улсын  Онцгой байдлын салбарын албан хаагчидтай хамтран  Новокузнецк болон Оренбургт байрлах  байгалийн хийн хоолой тавих бүтээн байгуулалтад хамтран ажиллаж, ямар нэгэн осол эндэгдэл гарахаас урьдчилан сэргийлэн ажиллахаар төлөвлөөд байна.  Мөн 2025 оны 8-р сард  болох гурван улсын хамтарсан дасгал сургуулилттай холбоотой ажлын хэсгийн хурал зохион байгуулна. Үүнд танай талаас хамтран ажиллахыг урьж байна" гэлээ. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe