Боловсролоос хөндийрч буй хөвгүүд…

Ж.Номин
2024-12-23

“Бүх нийтийн боловсролын төлөө” иргэний нийгмийн үндэсний эвслээс “Боловсролоос хөндийрч буй хөвгүүд” харьцуулсан судалгааг хийжээ. Учир нь 2023 онд танилцуулагдсан Сурлагын амжилтын олон улсын үнэлгээний (PISA) дүнг харахад шалгуулсан хичээлүүдээр хөвгүүд охидоос доогуур үнэлэгдсэн дүн гарсан нь тус эвслийн судлаач нарын анхаарлыг татжээ. 

Уг судалгаанд дурдагдсан онцлох тайлангуудыг танилцуулбал, 2023-2024 оны хичээлийн жилд 1-9-р ангийн сургуулиас гадна байгаа хүүхдийн нийт тоо нь 454 байна. Үүний 231 буюу 50.8 хувь нь малчдын хүүхэд бөгөөд 62.3 хувь нь эрэгтэй хүүхэд юм. 

Мөн бүрэн дунд боловсрол төгсөх үед хөвгүүд охидоос 12.7 хувиар бага буюу 50 хувь нь л бүрэн дунд боловсрол эзэмшсэн байна. Тиймээс хөвгүүдийн сургууль завсардалт охидоос илүү өндөр бөгөөд боловсролын шат ахин суралцах хувь хэмжээ охидоос доогуур байгааг тайланд дурджээ. 

Монгол Улсын хөвгүүдийн сурлагын амжилт охидоос математик, унших, шинжлэх ухааны гэсэн бүх хичээлээр доогуур байгаа бөгөөд унших чадвараар 1-ээс илүү жилийн хоцрогдолтой байна. 

PISA 2022 үнэлгээний үр дүнд Монгол Улсын боловсролд хүйсийн ялгаа их байгааг дүгнэсэн. Ялгаа нь боловсролд хамрагдалт, сурлагын гүйцэтгэл, боловсролыг дүүргэхтэй холбоотой.  

Харилцаа холбооны зохицуулах хорооноос хийгдсэн “Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдлын талаар үндэсний суурь судалгаа”-ны үр дүнгээс харахад Монгол Улсад өсвөр насныхны 99 хувь нь сүүлийн 12 сарын хугацаанд интернэт орчинд холбогдсон нь бусад насны хүн амын бүлгээс хамгийн их цахим хэрэглээтэй гэж гарсан бөгөөд тэд өдөрт 7-9 цагийг нийгмийн сүлжээнд өнгөрөөж байна.

Мөн хөвгүүдийн 64% нь интернэтээр тоглоом тоглох үйлдлийг хамгийн их хийж байхад охидын 63% нь хичээлээ хийх, 53% нь Google-ээс өөрт хэрэгцээтэй мэдээллийг хайх, 49% нь шинэ мэдээ, мэдээлэл авч байна.

Тиймээс хөвгүүд утсыг тоглоом тоглоход илүүтэй ашигласнаар тэдний хичээл давтах цаг багасах, анхаарал төвлөрөх чадварыг сулруулах зэргээр сурлагын амжилтад сөргөөр нөлөөлдөг байна. Хөвгүүдийн гар утас, тоглоомын зохисгүй хэрэглээ нь үл хайхралтай холбоотой байх магадлалтай.

Харин чанарын судалгааны үр дүнд хөвгүүд охидоос илүү спортоор хичээллэдэг бөгөөд тухайн спортдоо их цаг зарцуулах тусам хичээлээс хөндийрөх, сурлагын хоцрогдол үүсэх магадлал өндөртэй байна. 

Хүүхэд хүмүүжүүлэхэд аавын үүрэг бага байгаа нь хөвгүүдэд сөргөөр нөлөөлдөг.

ХЭҮК-ын судалгаанд үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь эх хүний үүрэг хариуцлага гэж 25.8 хувь нь, эцэг хүний үүрэг гэж 16.5 хувь нь хариулсныг харьцуулахад 9.3 хувиар ээжүүдэд тус үүргийг илүү оногдуулж байна. 

Монгол Улсын хэмжээнд хурдан морь унаач 15,885 хүүхэд бүртгэлтэй байгаагаас 15,403 эрэгтэй, 482 эмэгтэй хүүхэд байна. Энэ нь нийт хурдан морь унаач хүүхдийн 96 хувь нь эрэгтэй, 4 хувь нь эмэгтэй хүүхэд эзэлж байна.

НҮБ-ийн Хүүхдийн сангаас хийсэн “Хурдан морины хаврын уралдаан ба хүүхдийн эрх судалгаа”-ны үр дүнд хаврын уралдааны үеэр хүүхдүүд 30 хүртэл хоногоор хичээлээс чөлөө авах, таслах байдал элбэг талаар дүгнэжээ.

Хурдан морь унуулах шалтгаанаар хичээлээс чөлөө олгохыг хориглох талаар сургуулийн захиргаа, холбогдох албаны хүмүүсээс багш нарт даалгадаг хэдий ч хурдан морины эзэд тухайн аймаг сумынхаа нөлөө бүхий эрх мэдэлтэй хүмүүс байдаг тул хурдан морийг нь унаж уралддаг хүүхдийг нь хичээлээс чөлөөлж явуулах даалгавар өгч, тэр даалгаврыг нь үг дуугүй биелүүлэх тохиолдол гардаг байна.

Унаач хүүхдүүдийн хичээлийн хоцрогдлын талаар багш нарын 43 хувь нь их, 46.2 хувь нь дунд, үлдсэн хувь нь бага хэмээн тус тус хариулсан байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe