Хотын дарга Х.Нямбаатар нь олон нийтийн хэвлэл мэдээллээр автомашины бизнес эрхлэгчдийг хэдэн “халтар төгрөг цуглуулсан шуналтай ченжүүд” гэх зэргээр хэлсэн асуудлаар бизнес эрхлэгчдийн төлөөлөл ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэхээр Иргэний хэргийн шүүхэд хандсан байна.
Харин шүүх уг гомдлыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзээд иргэний хэрэг үүсгэсэн захирамж гаргажээ.
Тодруулбал, “Эко автомашин импортлогчдын холбоо” НҮТББ нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт холбогдуулан ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, 1 тэрбум төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ. Ийнхүү тус нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдоогүй тул иргэний хэрэг үүсгэжээ.
Автомашин импортлогчдын зүгээс “Нийтийн албан тушаалтан, тэр дундаа хотын удирдлага нь өөрөө иргэдээ ялгаварлан гадуурхаж, нэр хүндийг нь гутаан доромжлох үзэгдэл Х.Нямбаатарын үед хэвийн үзэгдэл болжээ. Эрх зүйт иргэний эрх, эрх чөлөө, эдийн засгийн чөлөөт байдлыг дээдэлсэн нийгэмд хэн нэгэн эрхтэн дархтан илүү эрх эдлэх тухай ойлголт байж болохгүй гэдгийг хараат бус шүүх хуулийн хүрээнд шударгаар шийднэ гэж найдаж байна” хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Сэтгэгдэл үлдээх