Ураны хөрөнгө оруулалтын гэрээ нэг алхам урагшиллаа

.Graph
2024-12-25

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг сайд нар танилцууллаа.

Хуралдаанаар Францын Орано майнинг компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-д өргөн барихаар тогтжээ. Мөн төрийн стратегийн ордын 34 хувийг АМНАТ-аар орлуулах, Үндэсний баялгийн сангийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барих аж. 

Энэ талаар ЗГХЭГ-ийн дарга Н.Учрал “Ураны эрэлт тогтмол нэмэгдэж байгаа учир үнэ нэмэгдэж байна. Ураныг олборлохдоо байгаль орчинд хамгийн ээлтэй газар доор уусган олборлох аргыг ашиглана. Энэ нь зардал ч багатай. Төсөл нь геополитикийн өндөр ач холбогдолтой. Оюу толгойн хөрөнгө оруулалтаас хойш гуравдагч хөрштэй хийж байгаа хөрөнгө оруулалтын гэрээ юм. Цаашлаад бид бүхэн Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэх, мөн атомын цахилгаан станцтай болох гэх мэт олон зүйлийн суурь болно. Анх энэхүү Францын компани төлөөлөгчийн газраас нээснээс хойш 27 жилийн дараа УИХ дээр хөрөнгө оруулалтын гэрээ нь орж ирж байна. 

Гэрээ батлагдсанаар улсын төсөвт 70 сая ам.доллар, орон нутаг 29 сая ам.доллар, Ирээдүй өв санд 36 сая ам.доллар, Хуримтлалын санд 593 сая ам.доллар байхаар төлөвлөсөн. Мөн жил бүр компани нь 51 хувийн өгөөжийг хангах ёстой. Хэрэв энд хүрэхгүй бол үлдэгдэл өгөөжийн нэмэлт тохируулга болох 103 сая ам.долларыг суулгаж өгнө.

Орон нутгийн хөгжилд 44 сая ам.доллар,

Нийгмийн даатгалын шимтгэлд 48 сая ам.доллар гэсэн тооцоолол гаргалаа" гэлээ.

Ийнхүү олон жил яригдсан ураны хөрөнгө оруулалтын гэрээг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар УИХ-д өргөн барьж байна. Хөрөнгө оруулалтын гэрээний үндсэн драфтыг Монгол Улсын тал гаргаж, хөрөнгө оруулагч нэмэлт, өөрчлөлтийг оруулсан аж.  

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe