Ц.Туваан: Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр замыг урагшлуулах тогтоолын төслийг өргөн барина

.Graph
2024-12-25

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн барихаар боллоо. 

Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан “Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажил сунжирсан асуудал гарсан. Үүнийг шийдэхийн тулд хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулж, олон улсын гэрээ байгуулах замаар шийдвэрлэхээр болсон. Ингэхийн тулд УИХ-аас чиглэл авах тогтоолын төслийг яаралтай горимоор өргөн барьж байна. Энэ батлагдвал хоёр улсын хэлэлцээрт орж, тэр нь хоёр талаасаа хэлэлцэгдсэний дараа УИХ-аар соёрхон батлагдаж хүчин төгөлдөр болно. Энэ хүрээнд ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд Монголын талын ажлын хэсгийн би ахалж байгаа. Мөн Эрдэнэс Тавантолгой ХХК болон Чайна Энержи компаниуд хоорондоо гэрээ байгуулна. Ингэснээр үйл ажиллагаа нь эхэлнэ” гэлээ. 

Энэ төмөр зам ашиглалтад орсноос нүүрсний экспорт нэмэгдэх ач холбогдолтой. Мөн үүний дараа БНХАУ-ын талаас Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч зэрэг боомтуудыг төмөр замаар холбосноор нүүрсний экспорт 40 сая тонноор нэмэгдэх боломжтой аж. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe