Д.Цогтбаатар: Шүүхийн шийдвэр иртэл би ажлаа хийнэ

Ц.Чимэдцэеэ
2024-12-25

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Хөгжлийн банкны ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэгт холбогдож байв.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнийг гэм буруугүй хэмээн дүгнэсэн. Харин энэ сард хяналтын шатны шүүхээс дээрх шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг анхан шатны шүүхээр дахин хянаж үзэх шаардлагатай болсон.

Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатараас Ийгл телевизийн тоймч Г.Улсболд "Таныг дээд шүүхээс гэм буруутай гэсэн шийдвэр гарсан. Гэтэл та хууль батлаад явж байж болох уу, ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөхгүй юм уу" хэмээн асуулаа.

Сэтгүүлчийн асуултад "Би 2024 оны зургаадугаар сарын байдлаар дээд шүүх болон шүүхийн байгууллагуудаас шаардлагатай лавлагааг нь аваад, СЕХ-нд өгөөд, хуулийнхаа дагуу нэр дэвшээд, ялалт байгуулсан. Тангараг өргөхөд байгаа. Үндсэн хууль зөрчихгүй, өргөсөн тангаргаасаа няцахгүй гэж. Гишүүн болсноосоо хойш гэмт хэрэг хийгээгүй. Яг гишүүнийхээ үндсэн ажлыг хийгээд явж байгаа. Дээд шүүхийн бичиг албан ёсоор ирэх байх. Яг мэдсэн зүйл алга байна. Хуулийнхаа дагуу асуудлууд шийдэгдээд явна. Өөрөө өргөдлөө өгөхгүй" хэмээн хариуллаа.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe