Онцгой байдлын байгууллагаас 2024 онд дэвшүүлсэн зорилт, хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаа дүгнэж, тайлангийн хурлаа зохион байгуулжээ.
Улсын хэмжээнд 2024 онд нийт 4905 удаагийн аюулт үзэгдэл, ослын тохиолдож бүртгэгдэж, Онцгой байдлын алба хаагчид 7890 хүний амь нас, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн 360 орчим тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.
Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний хүрээнд улсын нийт өрхийн 42.4 хувьд урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх арга хэмжээг хүргэж ажилласан.
Ийнхүү объектын гал түймрийн улмаас учирсан хохирлын хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.1 тэрбум төгрөг буюу 14.3 хувиар, тэр дундаа шатсан гэр, орон сууцны тоо 51 хувиар, нас барсан хүний тоо 18.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Түүнчлэн Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах, живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, байршлыг тогтоох, татан гаргах ажлыг зохион байгуулсан.
Энэ хүрээнд “Сүхбаатар” хөлөг онгоц болон бусад 11 автомашин, техник хэрэгслийг 33.4-171 метрийн гүнээс татан гаргаж, тэдгээрт агуулагдаж байсан 50 орчим тонн шатахуун, тос тосолгооны материал, аюултай хог хаягдлыг аюулгүй болгожээ.
Сэтгэгдэл үлдээх