Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд их багтаамжийн нийтийн тээвэрт олон төрөлт тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхээр зорьж буй төслийн нэг нь метро юм. Улаанбаатар метро төслийг хэрэгжүүлэх хүрээнд 17.7 км уртад 500 метрийн зайтайгаар 42 цэгт газрын гадаргаас доош 30 метрийн гүнд босоо өрөмдлөг хийж дуусгасан байна.
Ингэхдээ 1.5 метр тутамд дээж авсан буюу нэг цэгээс 60 дээж авсан бөгөөд тухайн дээжид лабораторийн шинжилгээ хийснээр хурдас давхаргын хил зааг, тухайн хэсгийн ширхэглэлийн бүрэлдэхүүн гэх мэт олон үзүүлэлтийг тодорхойлохоос гадна хамгийн чухал нь уян налархайн коэффициентийг тодорхойлж чадах аж.
Ийнхүү тус шинжилгээний үр дүнд тулгуурлан туннелийн нүхийг ухах машины төрлийг (Tunnel Boring Machine-TBM) сонгодог бөгөөд туннелийн машин нь урдаа араа шүдтэй, 1000 орчим тонн жинтэй, 200-300 метрийн урттай төхөөрөмж юм.
Урьдчилсан байдлаар 11 ширхэг туннелийн машинаар богино хугацаанд ухаж дуусгахаар төлөвлөж байгаа аж. Трассын дагуу газрын хөрсний даацын мэдээллийг авч дүн шинжилгээ хийж, хөрсний даацад тохируулж метроны туннелийн байгууламжийг төлөвлөнө.
Одоогоор туннелийг 7.3 метр диаметртэй хийхээр төлөвлөөд явж байгаа ба EPC гүйцэтгэгч шалгарсны дараа нарийвчилсан зураг төсөл боловсруулаад туннелийн диаметрийг эцэслэн шийдэх юм.
Ташрамд, Метроны шугам 17.7 км урт, 14 өртөөтэй, өртөө хоорондын зай 1.3 км байх ба нэг депотой байна, засвар үйлчилгээний депо шаардлагатай учраас 20 га талбайд засвар үйлчилгээний төв барихаар тооцжээ.
Сэтгэгдэл үлдээх