УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод хилийн боомтын холболтын төмөр замын ажлыг дуусгахад Засгийн газар УИХ-аас чиглэл авах тогтоолын төслийг хэлэлцэж байна. Тогтоолын төслийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн биеэр танилцуулсан бөгөөд Ажлын хэсэгт Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эрдэнэс Тавантолгой ХХК зэрэг төрийн байгууллагуудын төлөөлөл багтжээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. Гишүүдийн хувьд энэхүү төслийг эсэргүүцсэн хүн бол улс эх орныхоо эсрэг ажиллаж байгаагаас ялгаагүй байх байр суурийг илэрхийлж буй юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн Ө.Шижир дараах байр суурийг илэрхийлэв.
Тэрээр "Засгийн газрын өргөн барьсан 14 мега төслийг зарчмын хувьд бүгдийг нь дэмжиж байна. Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр зам 10 гаруй жил гацсан гээд ярьж байна. Үнэндээ яагаад гацсан бэ гэхээр Тавантолгойн бүлэг ордыг нэг компани авах уу, улс авч үлдэх үү гэдэг гацалтаас болсон. Өргөн, нарийн царигтаа учир нь байгаа юм биш. Үндсэндээ нэг компанийн эрх ашиг улсын эрх ашгаас өндөр байсан гэсэн үг. Бүхэл бүтэн 10-аад жилийн хугацаанд эхлээд Тавантолгойн бүлэг ордыг авах гээд чадаагүй. Дараа нь экспортын төмөр замыг нь авах гэж үзээд чадаагүй байхгүй юу. Тэгээд энэ бүхнийг улс авч үлдсэн учраас бид өнөөдөр энэ зүйлийг ярьж байна. Ирэх жилүүдэд БНХАУ-ын эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа учир нүүрсний үнэ өснө. Үүнийг бид заавал ашиглах ёстой. Нэн даруй хэрэгжүүлэх ёстой.
Энэ төмөр зам баригдвал бид зөвхөн төмөр замаараа 80 сая тонн нүүрс экспортолно. 10-аад жилийн өмнө дундын зуучлагчаар Тавантолгойн ордыг, төмөр замыг нь авах гэж үзсэн. Энэ бол бодитой. Энэ улсад үлдсэн учраас төсвийн 30 хувийг бүрдүүлээд байж байна. Иргэн бүр 1072 хувьцаа эзэмшиж, баялгаасаа хүртэж байна. Хувийн компани энийг авсан бол ийм зүйл байхгүй. Энэ компанийн орлогоор бараг 800 гаруй км зам барьсан. Үүнийг бариагүй байсан бол хил холболтын төмөр замыг таван жилийн дараа ярих байсан. Тиймээс ахиж УИХ-д Монголын иргэдийн нийтийн өмчийг аль нэг компани авах гэсэн явуулга битгий орж ирээсэй. Үүнийгээ булзааруулахын тулд царигийн маргаан хийгээд л. Яг үнэндээ бол Тавантолгойн ордыг алдах уу, төрд үлдээх үү гэдэг маргаан байсан юм шүү" гэлээ.
Сэтгэгдэл үлдээх