Азербайжаны онгоц осолдож, 38 хүн амиа алдав

.Graph
2024-12-26

Өнгөрөгч Лхагва гаригт Азербайжаны агаарын тээврийн “Эмбраер-190” загварын “J2-8243” маркын нисэх онгоц Казахстаны Актау хотын ойролцоо осолджээ.

Онгоцонд нисэх багийн 5 гишүүн 62 зорчигч явснаас ослын улмаас 38 хүн амь үрэгдэж, 29 нь бэртэж, гэмтсэн байна. Тус онгоц нь Азербайжаны нийслэл Баку хотоос ОХУ-ын Грозный хотыг чиглэн явж байсан ч өтгөн манангийн улмаас чиглэлээ өөрчилж, өндрөө алдан Казахстаны Актау хотоос 3км зайд ослын буулт хийх оролдлого хийжээ.

Шинжээчдийн мэдээлснээр осолдсон онгоцонд Азербайжаны 37, ОХУ-ын 16, Казахстаны 6, Киргизийн 3 иргэн байсан бөгөөд ослын дараа амьд үлдсэн 29 хүн эмчийн тусламж авч Казахстаны Актау хотын эмнэлэгт яаралтай хүргэгдсэн байна.

Онгоц Азербайжаны Баку хотын нисэх онгоцны буудлаас Лхагва гаригт орон нутгийн цагаар 03:55 цагт хөөрч, 06:28 цагийн орчимд осолджээ.

ОХУ-ын нислэгийн удирдах газар урьдчилсан дүгнэлтээр онгоц шувуун сүрэгтэй мөргөлдсний дараа хамгийн ойр нисэх буудал буюу Актау руу газардахаар ниссэн байж болзошгүй хэмээн Телеграм хуудасаараа мэдээлсэн. Гэвч цэрэг, зэвсгийн талаар мэдээлэл бичдэг Ян Матвеев, нисэхийн шинжээч Ричад Абдулафиа нар уг дүгнэлтийг үнэмшилгүй таамаг гэж үзэж, осолдсон онгоцны сүүлэнд гарсан цоохой нүхнүүд магадгүй Оросын агаарын довтолгооноос хамгаалах Панцир С1 систем алдаа гаргаж харвасан эсвэл онгоцны хүчилтөрөгчийн баллон тэсэрсэн байж хэмээн үзэж байгаа юм.

Одоогоор Казахстаны эрх баригчид онгоцны хар хайрцгийг олж авч ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe