Д.Ренчиндорж: Гадаадын ажилчдыг квотгүй, хэмжээ хязгааргүй оруулж ирнэ гэсэн заалт огт байхгүй

Ж.Номин
2024-12-27

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран “Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэхүү хуулийн төслийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан 2024.12.20-ны өдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн билээ. Улмаар хуулийн төслийн талаар ойлголтын зөрүүнүүд нийгэм, олон нийтийн дунд үүсэж буй учраас мэдээлэл өгөх, санал солилцох зорилготой энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулсан байна. 

Энэ үеэр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн бодлогын газрын дарга Д.Ренчиндорж “Энэхүү хуулийн төсөлд гадаадын ажилчдыг квотгүй, хэмжээ хязгааргүй оруулж ирнэ гэсэн заалт огт байхгүй. Гадаадын иргэний эрхзүйн байдлын тухай хуулийн 27-р зүйлд Монгол Улсад албаны болон хувийн хэргээр оршин суух гадаад иргэдийн тоог хязгаарлаад, хуульчилсан байдаг. Зөвхөн хөдөлмөрлөх зөвшөөрлөөр Монгол Улсад орж ирж байгаа иргэний тоо тоологддоггүй. Оюутан, албаны журмаар оршин сууж байгаа нийт иргэний тоо багтдаг. Хувийн хэргээр Монгол Улсад оршин суух бүх иргэний тоо 110 мянга орчмоос хэтэрч болохгүй. Нарийвчилбал нэг улсын иргэн гэхэд хамгийн ихдээ 37 мянга орчим байж болох бөгөөд үүнээс давахгүй гэж заасан” гэв.

Мөн Ашигт малтмалын тухай хуульд аж ахуй нэгж байгууллагуудын ажилтны бүтцийг хуульчилсан байдаг. Гадаадын ажилтны тоо нийт  ажилтны арван хувиас хэтрэхгүй. Түүнд дотроо орон нутгийн иргэдийн тоо 5-аас доошгүй хувь байна гэж хуульчилсан.

Энэ тоог давах юм бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төлбөрийг төлдөг аж.

Улмаар өндөр мэдлэг, нарийн мэргэжлийн боловсон хүчин, ажиллах хүчнийг зөвхөн гадаадын хөрөнгө оруулалттай компаниас гадна үндэсний бизнес эрхлэгчид, тэр дундаа жижиг, дунд бизнес эрхлэгчид авах боломжийг бүрдүүлэх талаас нь энэхүү хэлэлцүүлгийг хийжээ. Статистик мэдээг харвал Засгийн газраас гадаадаас ажиллах хүчин авч байгаа тохиолдолд 100 хувь хөнгөлөлт эдэлсэн 40 гаруй том компани байгаагийн ихэнх нь гадаадын хөрөнгө оруулалттай. Ялангуяа газрын тосны салбарынхан. Тиймээс ашигт малтмал, газрын тосноос бусад салбарт ажиллах хүчний тоо хязгаарыг уян хатан байлгах, ингэхдээ хязгааргүй болгох тухай асуудал огт яриагүй гэдгийг уулзалтад оролцсон талууд хэлж байв.

Хөндлөнгийн байгууллагуудын хийсэн судалгаагаар ойрын 4-5 жил томоохон бүтээн байгуулалтуудаа хөдөлгөе гэвэл нийтдээ 285 мянган ажлын байр бий болгох шаардлагатай байгаа аж. Үүний 140 мянга орчмыг нь ирэх хоёр гурван жил бий болгох ёстой аж. 

Ийнхүү аж ахуйн нэгжүүдээс гарсан саналыг нэгтгэж, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хүргүүлэхээр болжээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe