Хэвлэлийн “AP” агентлаг 2024 оны шилдэг эрэгтэй тамирчнаар Хойд Америкийн мэргэжлийн бэйсболын лигийн “Лос-Анжелес Доджерс” багийн питчер Шохэй Отаниг нэрлэлээ.
1931 оноос эхлэн олгож эхэлсэн энэхүү нэр хүндтэй шагналыг Япон залуу 3 дахь удаагаа хүртэж, домогт Майк Жорданы амжилттай зэрэгцсэн юм. Лигт элссэн цагаасаа олны анхаарлын төвд орсон авьяаслаг Япон залуу 2024 онд дэлхийн цувралд багаа аваргын цом өргүүлж, үнэ цэнтэй тоглогчоор шалгарч, улиралд 50 хоум ран хийж, 50 удаа үүр хулгайлах гэсэн өвөрмөц үзүүлэлт үзүүлсэн тэрээр спортын чиглэлээр мэдээлэл бичдэг 74 сэтгүүлчдээс 48 санал авснаар тэргүүлсэн юм.
Харин түүний ард 2024 оны Парисын зуны олимпийн наадмын усанд сэлэлтийн төрөлд 4 алтан медаль хүртсэн Францын Леон Маршан 10 санал, 2024 оны Мастерс цуврал болон олимпийн наадмын алтан медальт АНУ-ын гольфчин Скотти Шеффлер 9 санал тус тус авч удаалсан байна.
2023 онд мэргэжлийн спортын түүхэнд хамгийн өндөр мөнгөн дүнгийн гэрээ байгуулсан /700 сая ам доллар/ Шохэй Отани өмнө нь уг шагналыг 2021, 2023 онуудад хүртэж байсан бөгөөд түүний дээр алдарт гольфчин Тайгер Вудс, сагсан бөмбөгч Леброн Жеймс гэсэн эрхмүүд оны шилдгээр 4 удаа тодорч байжээ.
Сэтгэгдэл үлдээх