Дэлхийн 90 гаруй улсад 210 мянга орчим монгол иргэн оршин сууж байна

Ц.Чимэдцэеэ
2024-12-27

Гадаад харилцааны яамны энэ оны тайланг тус яамны Хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваа танилцууллаа.

Энэ онд Монгол Улсын 44’607 иргэн консулын үйлчилгээ авсан.

Өнөөдрийн байдлаар дэлхийн 90 гаруй улсад Монгол Улсын 210 мянга орчим иргэн оршин сууж байна. ГХЯ-ны зүгээс хилийн чанадад суугаа 50 Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан гадаад улсад зорчиж буй болон оршин сууж буй иргэддээ мэдээлэл, зөвлөмж өгч, эрх ашиг нь хөндөгдсөн тохиолдолд дэмжлэг туслалцааг шуурхай хүргэхэд анхааран ажиллажээ.

Иргэдэд туслах сангаас холбогдох хууль тогтоомжийн дагуу 2024 онд 221 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэв.

Өнөөдрийн байдлаар манай улсын бүх төрлийн паспорттой иргэд 30 улсад, дипломат, албан паспорттой иргэд 65 улсад визгүй зорчиж байна. Мөн энэ онд бүх төрлийн паспорттой иргэдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг Вьетнам, Мальдив, Парагвай улстай тус тус байгуулсан. Харин бүх төрлийн паспорттой гадаадын 66, дипломат, албан паспорттой гадаадын 38 улсын иргэд манай улсад визгүй зорчиж байна.

Энэ онд Ерөнхийлөгч 15, УИХ-ын дарга З, Ерөнхий сайд 8, Гадаад харилцааны сайд 8 удаа хилийн чанадыг зорьж, албан ёсоор айлчилсан байна.

Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч, БНХАУ-ын дэд дарга нар Монгол Улсад айлчилж, АНУ-тай Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн хүрээнд Гадаад хэргийн сайд нар харилцан айлчилжээ.

ХБНГУ, Казахстан Улсын Ерөнхийлөгч нарын Монгол Улсад хийсэн айлчлалын дунгээр Стратегийн түншлэлийн харилцаа тогтоож, Вьетнам Улстай иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоох зэргээр хөрш орнууд болон 3 дахь хөршүүд pүү чиглэсэн айлчлалын тэнцвэрийг хангасан байна.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор "Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ыг НYБ-тай хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулж, "Тогтвортой хөгжлийн төлөөх Улаанбаатарын тунхаглал’-ыг гаргасан.

Цөлжилттэй тэмцэх тухай НУБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах бэлтгэлийг хангахад дэмжлэг үзүүлж, Бэлтгэл ажлын албыг ГХЯ-ны дэргэд байгуулав. Монгол Улсаас Узбекистан Улсад суух ЭСЯ-ны үйл ажиллагааг эхлүүлж, Индонез Улсад суух ЭСЯ-ыг сэргээн нээв.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe